Б.Баярдаваа: Арилжааны банкуудад бизнесийн зээл олголтын өрсөлдөөн эхэлсэн

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл хэрэглээний зээлийг 60:40 байхаар тогтоосон. Яагаад ийм шийдвэр гаргасан бэ?
-Хэрэглээний зээл авч байгаа зээлдэгчийн сарын орлого төлбөрийн 70 хувиас хэтрэхгүй, хэрэглээний зээлийн хугацаа 30 сар байх шийдвэрийг гаргаж, энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлээд эхэлсэн.
Мөнгөний бодлогын хороо энэ сард хуралдаад, хэрэглээний зээлийг зээлдэгчийн сарын орлогын 60 хувиас хэтрэхгүй байх шийдвэр гаргасан. Санхүүгийн систем дээр байгаа хэрэглэгчдийн хэрэглээний зээлийн өрийн дарамт цаашид өсөх эрсдэлтэй байгаа нь харагдсан. Нийт хэрэглээний зээл нь банкны системд олгож байгаа зээлийн 50 хувийг эзэлж байгаа. Үүнд ипотекийн буюу орон сууцны зээл багтсан байгаа. Орон сууцны зээлийг хасаад тооцвол хэрэглээний зээл 25 орчим хувийг эзэлж байна. Монгол улсын банкны системээс нийлүүлэгдэж байгаа 17 их наяд төгрөгний 8.5 орчим их наяд нь орон сууц, хэрэглээний зээлд зарцуулагдаж байгаа. Үүн дотроо дахиад орон сууцны зээлийг хасаад тооцвол 4.5 орчим их наяд төгрөг цэвэр хэрэглээний зээлийг санхүүжүүлж байна.
Нөгөө талаасаа хэрэглээний зээлийн өсөлт маш өндөр байна. Хэрэглээний зээл 2018 эцсээр 2017 онтойгоо харьцуулахад 55 хувиар өссөн байсан. Хэрэглээний зээлнээс тухайн өрх өөрөө маш өндөр өрийн дарамтад орох эрсдэлтэй.
Тиймээс одоогийн тогтоосон 60 хувийн хязгаар нь тухайн иргэнд сарын орлогынхоо 40 хувийг өөртөө зарцуулах хэрэгтэй гэсэн санаа.
-Ингэж шийдвэрлэснээр ямар үр дүн гарна гэж тооцсон бэ?
-Энэ бодлого үр дүнгээ өгөөд эхэлсэн. 55 хувьд хүрээд байсан хэрэглээний зээлийн өсөлт 2019 оны хоёрдугаар сарын байдлаар 42 хувь болж буурч байна. Гэхдээ өмнөх жилийнхээ мөн үеэс 40 хувиар өсч байна гэдэг нь эрсдэлтэй. Энэ нь аажмаар буурах байх. Дунд хугацаандаа өрх дээр ирж байгаа зээлийн дарамт буурч, орлого аажим аажмаар нэмэгдэнэ. Энэ хэрээр банкны системээс эдийн засаг руу нийлүүлэгдэж байгаа зээлийн нийлүүлэлт бизнесийн салбар руу илүү хуваарилагдана. Зээл хэрэглээ рүү биш бизнесийн салбарт нийлүүлэгдэж байгаа нь ажлын байр, хөрөнгө оруулалт бий болно. Цаашдаа иргэд орлогоороо хэрэглээгээ хангана.
Бизнесийн зээлийн олголт нэмэгдэж байгаа. 2014 оноос хойш бизнесийн зээлийн өсөлт өмнөх жилийнхээ түвшнээс өсөхөө байсан байсан. 2018 оны дөрөвдүгээр сар хүртэл энэ нь үргэлжилсэн байдал аажмаар сэргэж эхэлсэн. Өнөөдөр 2019 оны хоёрдугаар сарын байдлаар бизнесийн зээлийн өсөлт 17 хувиар өссөн. Энэ нь арилжааны банкууд бизнесийн зээл олголт дээр хүчтэй өрсөлдөөн явуулж эхэлж байгаагийн илрэл. Нийлүүлэлт ч нэмэгдэж байна. Шинээр олгож байгаа зээлийн жигнэсэн дундаж хүү өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар 17.1 хувьтай байна. Энэ нь 2016 оны төгсгөл, 2017 онд энэ нь 20-21 хувьтай байсан. Нөгөө талдаа арилжааны банкууд бизнесийн зээл олгохоор өрсөлдөж байгаа нь нийлүүлэлт нэмэгдэж, зээл олгох нөхцөл хурдан шуурхай болж, бизнес эрхлэгчдэд санхүүгийн сайн зөвлөгч болж байна. Энэ нь монголын эдийн засаг өөрөө уул уурхайн салбараас хамааралтай үед савлагаа их явдаг. Аж ахуйн нэгж үүнд бага өртөх ёстой. Урт хугацаандаа бидэнд үр өгөөжөө өгнө.
-Хэрэглээний зээлийн өргөн төлөлт ямар байна вэ?
-Хэрэглээний зээлийн эргэн төлөлт сайн байгаа. Ялангуяа хэрэглээний зээлийн чанаргүйдлийн хувь харьцангуй гайгүй байгаа. Энэ нь өр, орлогын харьцаа харьцангуй бага түвшинд байсантай холбоотой. Өр орлогын харьцаа бага байгаа нь зээл авч байгаа иргэд чанаргүй зээлдэгч болохгүй, санхүүгийн системээс шахагдахгүй, амьдралд нь сөргөөр нөлөөлөхгүй байх давуу талтай.
-Ипотекийн зээлийн санхүүжилт ямар явцтай байна вэ?
-Арилжааны банк руу хийж байгаа Монголбанкны санхүүжилт хэвийн явж байгаа. Бид сар бүр 16-20 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тогмтол хийж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ