ЗАРЛИГ-ийн дайтай ЗӨВЛӨМЖ

Голдуу ажин түжин байдаг АТГ, прокурор, шүүхийн байгууллагынхан хөл хөдөлгөөн ихтэй, “айдас хүйдэс”-тэйгээр дөрөвдүгээр сарыг угтаж байна. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай болон дагалдах Прокурорын тухай, Авлигын эсрэг тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгч Х.Баттулга ажил хэрэг болгон хэрэгжүүлж байна.
УИХ-ын ээлжит бус чуулганаар Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд “ҮАБЗ-ийн зөвлөмж гарснаар түдгэлзүүлэх эсэх асуудлыг ШЕЗ шийдвэрлэх”, “ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан тохиолдолд бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг хугацаанаас нь өмнө огцруулах”, Прокурорын тухай хуулийн 46.6-д “ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан тохиолдолд Ерөнхийлөгч зөвшилцөхгүйгээр огцруулах”, Авлигын эсрэг хуулийн 22.-д “АТГ-ын дарга нарыг огцруулах асуудлыг ҮАБЗ-ийн зөвлөмж гаргаж, УИХ-аар хэлэлцүүлнэ” гэж тус бүр нэмэлт өөрчлөлт оруулж баталсан. Энэ хуулиуд батлагдсан өдрөөсөө мөрдөгдөж эхлэх заалттай.
Тиймээс ч өнгөрсөн долоо хоногт хуулийн хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулгаа зарлиг гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг албан тушаалаас нь чөлөөлж, Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцруулж, Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байхыг Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарт даалгасан. Өнөөдөр ЖДҮХС-гаас мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан зээл хамаарал бүхий компанидаа зээл авсан эрхэм прокурорын байгууллагын удирдах албан тушаалтны үүргийг гүйцэтгэж байна. Энэ нь ямар хуультай харшлах эсэхийг хууль тогтоогчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэдий ч хууль, шүүхийн байгууллага гэм буруутайг нь тогтоогоогүй нөхцөлд хэн нэгийг гэм буруутайд тооцохгүй гэх тайлбараар хамгаалж, халхлах биз.
Энэ ч яах вэ гэхэд АТГ, шүүх, прокурорын удирдлагуудын гэм буруутай, гэм буруугүй ҮАБЗ-ийн зөвлөмж шийдвэрлэх болоод байгаа нь парламентын засаглалд нүүрлэсэн хамгийн том аюул болоод байгаа. Хэдийгээр ЕТГ-ын дарга З.Энхболд “ҮАБЗ зөвлөмж гаргалаа томилдог байгууллагууд нь хэлэлцэн шийдвэрлэнэ. Тухайлбал, АТГ-ын даргыг чөлөөлөх тухай ҮАБЗ-ийн зөвлөмжийг УИХ хэлэлцэх шийднэ” гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ өнөөдрийн тухайд энэ парламент байтугай МАН бүхэлдээ ҮАБЗ-ийн “хараа”-нд байна. ҮАБЗ-ын бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд багтдаг. Эрх баригч хүчин МАН-ын 64 гишүүнээс УИХ-ын дарга Г.Занданшатарын эсрэг байр суурьтай байлаа гэхэд МАН-ын даргын У.Хүрэлсүхийн үүргийг даалгавар мэт биелүүлэхээс аргагүй байдалд орсон. Учир нь ЖДҮХС-аас эрх мэдэл, мэдээллийн давуу байдлаа ашиглан зээл авсан гэх 63 албан тушаалтан байгаагаас 49 нь УИХ-ын гишүүн гэсэн мэдээллийг О.Баасанхүү гишүүн хэлж байгаа. 49 гэдэг тоо УИХ-ын гишүүдийн олонхийг бүрдүүлж байгаа. Тиймээс энэ парламентад ҮАБЗ-ийн зөвлөмж зарлиг лугаа үйлчилнэ. Ийнхүү УИХ-ын дарга Г.Заншатарын анхны захирамжаар хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулган ҮАБЗ-д, тэр дундаа Ерөнхийлөгчид үйлчилснийг өнөөдрийн хэрэгжиж байгаа хууль гэрчилнэ.
Уг нь энэ удаагийн ээлжит бус чуулганаар найман асуудал хэлцэхээр төлөвлөсөнөөс Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хууль, Тендерийн хууль зэргийг баталсан. Татварын багц хуулиар орон сууц анх удаа худалдан авч байгаа хүмүүсийн татварыг нэг удаад 6 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх, жилийн 50 сая хүртэл төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуй нэгж, иргэнд татварын 90 хувийн хөнгөлөлт эдлүүлэх, жилд дөрвөн удаа татварын тайлан гаргадаг байсныг 1-2 болгох зэрэг хэд хэдэн нааштай өөрчлөлт туссаныг Сангийн яам онцолж байгаа.
Гэхдээ татвар төлөгч нас барсан тохиолдолд татварын өрий өвлүүлэх, 20 сая төгрөгөөс дээш зээлтэй, үндсэн хөрөнгөгүй бизнес эрхлэгчдийн хилээр гарахыг хориглох зэрэг заалтууд олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байгаа юм. Сангийн яамныхан шүүмжлэлд тайлбар хийж байгаа ч хууль хэрэгжиж эхлээгүй болохоор одоогоор үр дүнг нь урьдчилж дүгнэх боломжгүй. Учир нь энэ хуулий 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. Тиймээс ч УИХ-ын ээлжит бус чуулганаар яаравчлан батлаад байх шаардлагагүй байсан даг. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль, саналыг хэлэлцэх гэж асуудлын эхэнд баталсан өнгөлөн далдлалт гэлтэй.
Харин УИХ-ын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад нэмж тусган баталсан Шүүгчийн эрхзүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг тухай хуулийн хэрэгжилт батлагдсан өдрөөсөө хэрэгжиж, чуулганы завсарласны маргаашаас үр дүн нь тухайн салбартаа төдийгүй олон нийтэд мэдрэгдэж байна. Эдүгээ Ерөнхий прокуророор н.Цэрэнсодномыг, Авлигатай тэмцэх газрын даргаар Д.Даваа-Очирыг, дэд даргаар Ж.Батсайханыг тус тус томилуулах саналаа эгүүлэн татаад байгаа. Учир нь шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан саналаа татаж, дараагийн хувилбартаа шилжээд байна.
Ямартай ч Шүүгчийн эрхзүйн байдлын тухай, болон дагалдах Прокурорын тухай, Авлигын эсрэг тухай хуулийн өөрчлөлт энэ парламентын хугацаанд бүрэн үйлчлэх нь. Цаашлаад Ирэх баасан гаригт УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийнэ. Хаврын чуулганы нээлттэй зэрэгцээд улс төр ч ширүүхэн өрнөхөөр байна.
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ