Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ. Тэрбээр 2018 оны 8 сард баталсан 255 дугаар тогтоолоор баталсан Эрүүл шүд-эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлснийг дуулгав.
Манай улсад 18 хүртэлх насны 1 сая хүүхэд бий. Хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар 84-96 хувь нь шүдний цооролтой. Нэг хүүхдийн 6-8 шүд өвчлөлтэй. Үүнийг үл тоовол шүдний цоорлоос үүдэлтэй өвчлөлд өртсөн нэг үе гарч ирэх учраас Эрүүл шүд-эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж буйг салбарын сайд хэллээ.
Эрүүл шүд-эрүүл хүүхэд хөтөлбөр 2019-2023 онд улсын төсвийн 50 тэрбум төгрөгөөр хэрэгжинэ. Тус хөтөлбөрийн 2019 оны хэрэгжилтэд зориулан улсаас 4.6 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Хөтөлбөрт 2-12 насны хүүхдийг хамруулж, үнэ төлбөргүй эмчилгээ хийнэ. Гэхдээ эхний ээлжинд 2-6 насны хүүхдүүдийн шүдийг эмчлэх гэнэ. Учир нь 2-13 насны 725 мянган хүүхдийг бүгдийг нь хамруулах боломжгүй байгаа аж. Гэхдээ ар гэрийн санхүүгийн боломж муу, яаралтай эмчилгээ шаардлагатай хүүхдүүдийн шүдийг нас харгалзахгүй эмчилнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэллээ.
Шүдний эмчилгээг үнэгүй хийх 199 эмнэлэг бий. Эмнэлгүүд нэг хүүхдийн шүдэнд 60 мянган төгрөгийн эмчилгээ хийнэ.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас цахимаар хянах аж. Энэ хөтөлбөрийн үр дүнд 2023 онд шүдний цоорлыг 30 хувиар бууруулах зорилт тавьжээ.
М.Болд
Уншиж байна |