М.Даваажаргал: Энэ талаар ярих хэтэрхий эрт байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс албан ёсоор татгалзах хүсэлтээ гаргасан хэмээн дэлхийн томоохон хэвлэлүүд мэдээлж эхэллээ.
Японы хэвлэлүүд "Хакүхо М.Даваажаргалыг өөрийн гэсэн дэвжээтэй болохын тулд ийнхүү Монголын иргэншлээс татгалзаж, Японы иргэн болохоор зорьж байна" гэж мэдээлжээ.
Хэвлэлээр гараад буй дээрх асуудлаар их аварга албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ч "Энэ талаар ярих хэтэрхий эрт байна" гэж хариулт өгсөн талаар Японы төрийн мэдлийн "NHK" агентлаг уламжлав.
Ойрын эх сурвалж "Хакүхо аварга энэ сард иргэншлээс татгалзах хүсэлтээ Монгол Улсын Засгийн газар руу илгээсэн" гэж ярьжээ.
Өдгөө 34 настай Хакүхо М.Даваажаргал ирэх онд зохион байгуулагдах "Токио 2020" зуны олимпийн дараа зодог тайлж, улмаар өөрийн дэвжээгээ байгуулан, залуу сүмо бөхчүүдийг дасгалжуулах мөрөөдөлтэй гэнэ.
Тэрбээр өнгөрсөн сард зохион байгуулагдсан сүмо бөхийн тэмцээнд ялснаар, 42 дэх түрүүгээ авсан юм.
Өмнө нь АНУ-ын Хавай арлын бөх Ёкозуна Мусашимару болон Кёкүтэнхо Н.Цэвэгням нар иргэншлээсээ татгалзаж, Японы улсын иргэн болсон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ