Акихитогийн хаан ширээний СҮҮЛИЙН ӨДӨР

img

Японы эзэн хаан өнөөдөр хаан сэнтийгээс бууна. Энэ талаар “ВВС” агентлаг болон “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Японы сүр жавхлант эзэн хаан Акихито өнөөдөр эрх мэдлээ ууган хүү, титэмт ханхүү Натухитод шилжүүлэн өгнө. Эзэн хаан Акихито хаан ширээг сүүлийн 30 жил тэргүүлж байгаа юм. Тэрбээр өөрийн эцэг, эзэн хаан Хирохитог 1989 онд таалал төгсөхөд нь хаан ширээгээ залгамжлан авчээ. Японы хуулинд заасан ёсоор хаан ширээг зөвхөн өмнөх хаан таалал төгсөх үед л дараагийн үе залгамжлагчид нь шилжүүлэн өгдөг.

 

Өдгөө 85 настай эзэн хаан Акихитогийн эрүүл мэндийн байдал сүүлийн жилүүдэд доройтож, 2003 онд зүрхэндээ хагалгаа хийлгэж, түрүү булчирхайн хорт хавдраар шаналж, нас өндөр гарсан учраас өөрийн хүсэлтээр хаан ширээнээсээ түтгэлзэн, хүүдээ хаан ширээгээ залгамжлах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

 

Акихито энэ талаарх хүсэлтээ анх 2016 оны наймдугаар сард ард түмэндээ хандан мэдэгдэл хийх үеэрээ илэрхийлж байжээ. Японы үндсэн хуулинд эзэн хаан өөрийн хүслээр хаан ширээнээс түтгэлзэхийг зөвшөөрдөггүй учраас Акихито нас дээр гарч, эзэн хааны үүргээ биелүүлэхэд хүндрэлтэй байгаагаа тойруугаар ойлгуулж байв.  

 

1817 онд эзэн хаан Кокаку өөрийн хүсэлтээр хаан ширээнээс татгалзаж байжээ. Энэ нь тус улсын түүхэнд өөрийн хүсэлтээр хаан ширээнээсээ татгалзсан анхны тохиолдол гэнэ. Уг үйл явдлаас 200 жилийн хугацаанд хаан өөрийн хүсэлтээр хаан ширээнээс буусан тохиолдол бүртгэгдээгүй.

 

 

Цаг хугацааны хэмжүүрээр 20 гаруй зууныг дамжин уламжлагдсан, 2600 жил үргэлжилж буй хаант засаглалтай, өнөөг хүртэл 125 хаанаа угтаж, үдсэн нь Япон улсын нэг онцлог билээ.

 

Японы ард түмний дийлэнх нь эзэн хааны хүсэлтийг хүлээн авч,  Япон залуу, эрч хүчтэй шинэ эзэн хаантай болохыг дуу нэгтэйгээр дэмжжээ. 2017 оны зун  Японы парламентын дээд танхим эзэн хааныг өөрийн хүслээр хаан ширээнээсээ буухыг зөвшөөрсөн хуулийн төсөл боловсруулан хэлэлцэж, дэмжлэг авчээ.

 

Парламент тухайн оныхоо арванхоёрдугаар сард хуулийг баталж, эзэн хааны гэр бүлийн хэрэг хариуцсан тусгай комисс “2019 оны дөрөвдүгээр сарын 30-нд Акихито улсынхаа хаан ширээнд заларсны 30 жилийн ойн дараа түүнийг суудлаасаа албан ёсоор буух”-ыг нь хуулчлан зөвшөөрчээ. Мөн “маргааш өдөр нь буюу 2019 оны тавдугаар сарын 1-нд Япон шинэ хааны ёслол болно” гэж баталжээ.

 

Шинэ хааныг тодруулахаар үйл явцаас гадна дараагийн залгамжлагчийг тодруулах асуудал үеэр яригдсан гэнэ.  Учир нь Нарухито ганцхан охинтой. Дараагийн угсаа залгамжлагчаар ханхүү Акишино болон түүний хүү Хисахитод шилжих юм.

 

 

Японы үндсэн хуулинд заасан ёсоор эзэн хаан нь улс төрийн ямарваа үүрэг хүлээдэггүй, улс орон ард түмний тусгаар тогтнол, эв нэгдлийн гол билэг тэмдэг болж, төрт ёсны билгэдлийн үүрэг хүлээдэг.  Эзэн хаан Акихито эрх мэдлээ хүүдээ шилжүүлэн өгснөөр “Хэйсэйн” эрин өндөрлөжээ. Нарухито хаан ширээнд албан ёсоор заларч, “Рэйвагийн “эрин эхэлнэ.

 

Акихито хаан сэнтийгээсээ буусан ч түүнийг “эзэн хаан” хэмээн дуудаж, хүндэтгэл үзүүлсээр байх юм. Тэрбээр гэргий Мичикогийн хамтаар хааны ордноос явж, энгийн сууцанд суурьших гэнэ.  Акихито, Мичико нар 1959 оны дөрөвдүгээр сарын 9-нд гэрлэжээ. Энэхүү гэрлэлт нь угсаа залгамжлагч хунтайж жирийн иргэнтэй хуримласан анхны тохиолдол билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ere:
Хөөрхөн даруухан хаан харагдаад байдаг.
2019-04-30
jj:
.
2019-04-30