Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо өчигдөр дарангуйлагч Ерөнхийлөгч Николас Мадурог төрөөс түлхэн унагаах "эрх чөлөө" ажиллагаа төгсгөлийн шатандаа орсон хэмээгээд Мадурогийн дэглэмийг амь насаараа хамгаалж байсан Үндэсний зэвсэгт хүчин өөртөө нь гар барьж, нэг тал болсон гэж твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.
Гуайдогийн дэмжигчид нийслэл Каракас хотноо эмх замбараагүй байдал үүсгэж, цагдаагийнхан жагсаалыг тараахын тулд хүч хэрэглэжээ. Үндэсний зэвсэгт хүчний хуягт тээврийн хэрэгсэл жагсагчдыг санаатайгаар дайрсан хэрэг гарчээ.
Уг үйл явдалтай зэрэгцэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео "Мадуро Венесуэлийг орхин гарахаар төлөвлөж байна. Түүний байгаа газарт идэвхтэй хөдөлгөөн илэрсэн. Түүний туслахууд хайрцагтай зүйлсүүдийг зөөхөөс гадна нисэх онгоцоо бэлдээд эхэлсэн. Гэхдээ тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хүсэлтээр Венесуэлээс явахаа азнасан" гэж мэдэгджээ.
Дээрх хайрцагнуудад их хэмжээний алт, ам.доллар, үнэт эдлэл зэрэг бий хэмээн гэрчүүд мэдээлсээр байна.
"Түүнийг гэр бүлийнхээ хамтаар Куба руу дүрвэхээр төлөвлөж байж болзошгүй" гэж Америк сайд мэдэгдлийнхээ үеэр цохон тэмдэглэлээ.
Мадурогийн тал Гуайдог төрийн эргэлт хийхийг санаархаж, ард түмнийг эрх баригчдынхаа эсрэг тэмцэхийг өдөөн турхирсан хэмээн буруутгаж, ял асуухаа сануулжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |