ОХУ-ын тэрбумтны охин хэмээн дүр эсгэж, АНУ-ын зарим арилжааны банк, тансаг зэрэглэлийн зочид буудал, дэлхийн томоохон брэнд дэлгүүрүүдийг залилсан Анна Сорокин гэх 28 настай бүсгүйд ял оноосон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Манхаттан хотын шүүхээс түүнийг "Залилан хийсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бусдыг хэл амаар доромжилсон" хэмээн буруутгаж, дөрвөн жилийн ял оноосон байна.
Анна Сорокин шүүхийн үеэр "Би хийсэн үйлдлийнхээ төлөө уучлалт гуйж байна" гэж хэлжээ.
Тэрбээр ОХУ-д төрж, Германд өссөн аж. Өөрийгөө ОХУ-ын газрын тосны магнатын ганц охин, ирээдүйд эцгийнхээ компанийг өвлөн авах, хууль ёсны өв залгамжлагч хэмээн бусдад танилцуулдаг байсан гэнэ.
Манхэттений үйлчилгээний олон байгууллагыг 2013 оноос хуурч, их хэмжээний хохирол учруулжээ.
Тэрбээр "Анна Дэлвэйн сан" байгуулахын тулд зээл авах хүсэлтэй байгаагаа банкуудад хэлж, Нью-Йоркийн хамгийн тансаг зочид буудлуудад удаан хугацааны турш төлбөр төлөлгүй байрласан байна. Мөн Анна "Vanity Fair" сэтгүүлийн гэрэл зурагчныг мэхэлж Морокко руу хийсэн 62 мянган ам.долларын өртөгтэй аяллынхаа зардлыг төлүүлсэн аж.
Мөн өдөр тутмын хэрэглээний зардлаа хуурамч чекээр төлдөг байжээ. Түүний нийт залилсан мөнгөн дүн хагас сая доллартай тэнцэж буйг прокурор мэдэгдлээ. Прокурорууд түүнд 12 жилийн ял төлөвлөөд байсан юм.
Цагдаагийнхан 2017 оны арванхоёрдугаар сард Аннаг үйлдэл дээр нь баривчилж, өнгөрсөн хугацаанд цагдан хорьж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |