Агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөгөө танилцуулав
2012 оныг БОАЖЯ-наас "Агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх жил" болгох талаараа оны өмнө зарласан. Тэгвэл тус жилийн үйл ажиллагааг албан ёсоор нээж, зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцууллаа. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хэмжээнд 2008 оныг “Төрийн бус байгууллагуудыг дэмжих жил”, 2009 оныг “Байгаль хамгаалагчдыг чадавхижуулах жил”, 2010 оныг “Ойн менежментийг боловсронгуй болгох жил”, 2012 оныг “Усны жил” болгон зарлаж, тусгайлсан төлөвлөгөө гарган төсөв санхүү, удирдлага зохион байгуулалтыг оновчтой төвлөрүүлэн төв, орон нутгийн үйл ажиллагааг уялдуулан сайжруулж ажилласан. Ийнхүү бодлого, стратегийг сууриар нь шинэчлэх, дорвитой өөрчлөлт хийх, гүйцэтгэлийн түвшинд цогц арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн салбарыг жилийн онцлох чиглэл болгон ажилласнаар тухайн чиглэлийн ажлын явц, уялдаа холбоо эрс сайжирч, төрийн бодлого-үйлчилгээ цогц, чанартай, бүтээмжтэй, хүртээмжтэй болж, гүйцэтгэл нь улам бүр төгөлдөршиж байна. Харин 2012 онд БОАЖЯ бүтэн жилийн туршид орчны бохирдол доройтол үүсгэж буй бүх асуудлыг улсын хэмжээнд цогцоор нь шийдвэрлэх, шийдвэрлэж амжаагүй ажлуудын эхлэлийг нь зөв тавих, хууль, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх жил” болгон зарлаж байна. Жилийн ажлын хүрээнд агаарын болон хөрсний бохирдол, хог хаягдал, хаягдал бохир ус, томоохон голуудын бохирдол зэрэг өнөөдрийн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд чиглэсэн цогц, томоохон ажлууд хийх юм. Жилийн хүрээнд 3 бүлгийн 26 зорилтод туссан санхүүгийн бодитой эх үүсвэртэй 80-аад арга хэмжээг зохион байгуулан ажиллахаар төлөвлөөд байна. “Агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх жил”-ийн хүрээнд орон даяар хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө, зорилтыг өнөөдөр Аялал жуулчлалын үндэсний төвд болж буй “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-өөр хэлэлцэж, БОАЖ-ын сайд Монгол орны өнцөг булан бүрт экологийн асуудлыг хариуцан ажиллаж буй салбарын удирдах ажилтнуудад үүрэг, чиглэл өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ