Дахин түдгэлзүүлсэн “нөхөн сонгууль”

УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль дахин гацаж, УИХ-ын тогтоол ҮХЦ дээр бүдэрлээ. Учир нь ҮХЦ иргэдийн гомдлын дагуу маргааныг хэлэлцэж, Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын 49 дүгээр тогтоолыг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн. Харин УИХ-ын нөхөн сонгуулийг товлосон УИХ-ын 22, 23 дугаар тогтоол Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж шийдвэрлэв.
УИХ-ын нөхөн сонгууль явуулахаар товлосон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоолд “Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлах, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явуулна гэж заасан. Энэ Сонгуулийн хуулийн 12.1-т заасан “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө УДШ-д бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй”, 12.3-т заасан “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө УДШ-д бүртгүүлсэн байх шаардлагатай” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзжээ. Учир нь УИХ-ын нөхөн сонгуулийг зарласан хугацаанд шинээр улс төрийн нам УДШ-д бүртгүүлж, эвлэлдэх нэгдэх иргэдийн эрх зөрчигдлөө гэж ҮХЦ үзсэн байна.
Харин УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” 23 дугаар тогтоолд “УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр батлах, энэ зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна” Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 38.2. 14-т “Сонгуулийн зардлыг улсын төсвөөс гаргана” гэсэн заалтыг зөрчсөн гэж ҮХЦ үзлээ. Учир нь Засгийн газрын тусгай сан нь Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилгоор улсын нэгдсэн төсөв, хандив, буцалтгүй тусламжаас бүрдэх бөгөөд төсөв батлахаас өмнө урьдчилан тооцоолоогүй зардлыг санхүүжүүлэхээр заажээ. Харин 2019 оны улсын төсвийг батлах үед УИХ-ын нөхөн сонгуулийг 2019 онд явуулах нь тодорхой байсан тул холбогдох зардлыг улсын төсөвт тусгаагүй байна гэсэн тодотголыг дайжээ.
Тэгвэл нөгөө талаас ҮХЦ-ийн Үндсэн хууль зөрчсөн гэх дээр үндэслэлд 2019 онд УИХ-ын нөхөн сонгууль явагдах нь тодорхой байсан тул УИХ-ын 22 дугаар тогтоолоор улс төрийн нам УДШ-д бүртгүүлэх, эвлэлдэн нэгдэх цаг хугацаа хангалттай байсан, иргэдийн эрх зөрчигдөөгүй гэж тайлбарыг ч дайж болохоор. Цаашлаад УИХ Сонгуулийн хуулинд нэмэлт оруулж, Төрийн албан хаагчийг УИХ-ын нөхөн сонгуульд оролцуулах боломжийг хангах үүднээс өөрчлөлт оруулсан хуулийг энэ оны эхэнд баталсан. Тиймээс УИХ-ын нөхөн сонгуулийг товлон зарлах нөхцөл бүрдээгүй байхад санхүүжилтийг урьдчилан тусгах нь мөн хуулийн зөрчилтэй тулгарах магадлалтай байсан.
Юутай ч ҮХЦ УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлснээр УИХ-ын нөхөн сонгууль дахин гацлаа. ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэдэг. Хэрвээ дүгнэлтийг УИХ хүлээж авахгүй гэж үзвэл ҮХЦ Их суудлын хуралдаанаа 30 хоногийн дотор хийж, шийдвэрээ баталгаажуулна. Харин ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авснаар хуулиндаа өөрчлөлт оруулж, дараагийн нөхөн сонгуулийг товлох эсэхийг УИХ шийдэх юм.
Ямартай ч парламентын бүрэн эрхийн хугацааны хагас жилд УИХ-ын 42 дугаар тойрог төрд төлөөлөлгүй “эзэнгүйдэж” улстөрчдийн “тоглоомын талбар” болсоор ирэх сонгуулийн жилтэй золгох нь ээ.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ