Мартин Лютер Кинг хүчирхийллийн хэрэгт оролцсон тухай баримт дэлгэгджээ

АНУ дахь өнгөт арьстнуудын иргэний эрхийн төлөөх хөдөлгөөний тэргүүн бага Мартин Лютер Кингийн эсрэг Холбооны мөрдөх товчоо мөрдлөгө явуулж байсныг гэрчлэх нууц материалууд олдсон талаар Британийн Дейли Мейл сонин мэдээллээ.
Нууц баримтуудын талаар намтар судлаач Дэвид Гарроу мэдээлсэн бөгөөд түүний өгүүлснээр баримтуудыг 2027 оноос нааш бүрэн эхээр нь нийтлэхгүй гэнэ.
Дэвид Гарроугийн өгүүлснээр Кингийг Холбооны мөрдөх товчооныхон 12 жилийн туршид ажигласан байна. Хүний эрхийн төлөө тэмцэгч АНУ дахь нөхцөл байдлыг тогтворгүйжүүлж болзошгүй гэж үзсний улмаас түүнийг мөрдөж байжээ. Холбооны мөрдөх товчооныхны мөрдлөгийн баримтад Кинг 45 эмэгтэйтэй амрагийн холбоотой байсан гэх мэдээлэл багтаж байгаа гэнэ. Түүнчлэн Кингийн найз Логан Кирс сүмийн мөргөлч эмэгтэйг хүчирхийлэх үед Кинг дэргэд нь байсны зэрэгцээ “болж буй үйл явдлыг хараад шоолж, зөвлөгөө өгч байсан” гэжээ. Тухайн үед энэ үйл явдлын үеэр Холбооны мөрдөх товчооны төлөөлөгчид ойролцоо байсан ч нууцаар мөрдөж байсан тул хэргийг таслан зогсоогоогүй гэнэ. Энэ явдлын маргааш өдөр нь Кинг бусад хүмүүсийн хамтаар садар самуун үдэшлэг зохион байгуулжээ. Тэдний энэ үдэшлэгт нэгдэхийг хүсээгүй эмэгтэйд Кинг энэ нь аврал олох гарц хэмээн өгүүлж байсан аж.
Кингийн сүүдэртэй амьдралын олон баримтыг олж авсан Холбооны мөрдөх товчнооны өндөр албан тушаалтнууд энэ баримтуудын хуулбарыг Кингд илгээн, түүний бэлгийн амьдралын бараан мөчүүд бүхий л цаг хугацааны туршид намтарт нь үлдэнэ гэдгийг анхааруулсан байна. Түүнчлэн Кингд илгээсэн захидалд түүний алдааг дэлхий дахин мэдэхээс өмнө амиа егүүтгэхийг зөвлөсөн байж.
Харин намтар судлаач Гарроу мэдэгдэхдээ бүх материалыг үзэж, судлахаас нааш Кингийн үйлдсэн гэх гэмт хэрэгт итгэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Энэ хэргийг бүх талаас нь үндэслэлтэй судлах ёстой гэж Гарроу мэдэгджээ.
Дашрамд дуулгахад, бага Мартин Лютер Кинг нь өнгөт арьстнуудын эрхийн төлөө тэмцэгч гэдгээрээ алдартай. 1960-аад онд тэрбээр өнгөт арьстнуудын сонгуульд оролцох эрх, хөдөлмөрлөх эрх болон иргэний үндсэн эрхийн төлөөх жагсаал цуглаан зохион байгуулж, удирдаж байлаа. Энэ тэмцлийн дүнд АНУ-ын хууль тогтоомжид өнгөт арьстнуудын эрхийг хамгаалсан заалтууд орж байсан юм.
Номлогч Кинг 1968 онд 39 насандаа бусдын гарт амиа алдсан. Тэрбээр АНУ-ын Мемфисд зургаан мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал хийж байх үед ойролцоох зочид буудлын тагтан дээрээс түүнийг буудсан юм. Кингийг хөнөөсөн Жеймс Эрл Рей 99 жилийн хорих ял авсан бөгөөд тэрбээр ганцаараа энэ хэргийг үйлдсэн гэх ч Кинг үгсэн хуйвалдааны золиос болсон гэсэн хувилбар байдаг.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ