Япон: Гэмт этгээдийн халдлагын улмаас 13 хүүхэд шархаджээ

Японд 50 настай эр хутга барин бага ангийн сурагчид руу дайрсан хэрэг гарсан талаар NHK мэдээллээ. Энэ хэрэг Токиогоос холгүйхэн байх Кавасаки хотын цэцэрлэгт хүрээлэнгийн автобусны зогсоол дээр болжээ. Халдлагын улмаас 16 хүн хохирсны 13 нь 6-7 насны охид байгаа гэнэ. Одоогоор хүнд шархадсан хүмүүс сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа гэнэ.
Цагдаагийнхан хэрэгтнийг барьсан бөгөөд тэрбээр хутгаар өөрийгөө шархдуулж, ухаангүй хэвтэж байжээ. Хэргийн газраас хоёр хутга олдсон байна.
Халдлагад өртсөн хүүхдүүдийн сурдаг Caritas боловсролын цогцолборт хүүхдийн цэцэрлэг, бага анги, охидын дунд сургууль, ахлах сургууль болон эмэгтэйчүүдийн хоёр жилийн сургалттай их сургууль багтдаг аж. Тиймдээ ч энэ сургуульдаа үргэлжлүүлэн суралцах зорилготой охид олноор элсдэг юм байна. Хэргийн дараа сургуулийн хичээлийг цуцалсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ