Дутерте хүү нь парламентын дарга болвол огцорно гэв

Хүү Паоло Дутерте нь Төлөөлөгчдийн танхимын даргын албан тушаалд нэрээ дэвшүүлвэл албан тушаалаасаа бууна гэж Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте мэдэгдлээ.
“Чи намайг буухаас өмнө нэрээ дэвшүүлвэл би огцорно. Манай гэр бүлээс олон хүн төрд байна, энэ сайнгүй хэрэг” хэмээн Дутерте хүүдээ хандан мэдэгдснийг Филиппиний телевиз дамжууллаа.
Дутертегийн охин Сара Дутерте-Карпио Филиппиний өмнө зүгт байх Давао хотын дарга бол хүү Себастьян Дутерте 2019 онд тус хотын дэд дарга болсон байна.
Энд дуулгахад Филиппинийн парламентын доод танхимын даргыг сонгох сонгууль 2019 оны долоодугаар сард болно. Саяхныг хүртэл энэ албан тушаалыг Филиппиний ерөнхийлөгч асан Глория Макапагал-Арройо эзлэж байлаа. Тэрбээр мөн тус улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч юм.
Ийнхүү анхны эмэгтэй ерөнхийлөгчийн хашин байсан алба хэнд очих талаарх таамаглал тус улсад олон хувилбараар гарч байгаа. Тэдгээрийн дунд Филиппиний Ерөнхийлөгчийн хүү нэрээ дэвшүүлнэ гэсэн яриа ихээхэн тархсан тул тус улсын Ерөнхийлөгч ийнхүү мэдэгдэл хийжээ.
Дашрамд дуулгахад, Дутерте нэг бус удаа, олон шалтгаанаар “огцорно” гэсэн мэдэгдэл хийж байсан ч энэ үгэндээ хүрээгүй юм. Өнгөрсөн оны зун тэрбээр Өмнөд Солонгост албан ёсны айлчлал хийх үеэрээ танихгүй эмэгтэйг өөрийг нь үнсэхийг хүссэнийхээ төлөө огцорно гэж мэдэгдэж байлаа. Тодруулбал, тухайн үед тэрбээр цугласан олон дундаас өөрийг нь үнссэн хүнд ном бэлэглэнэ гэж мэдэгдсэн юм. Хамгийн түрүүнд тайзан дээр гарч ирсэн эмэгтэйг Дутерте хацран дээр нь үнссэн бол өөр нэг эмэгтэйгээр уруул дээрээ үнсүүлж байв.
Энэ нь олны дургүйцлийг төрүүлсний дараа “Намайг огцрохыг шаардан гомдол гаргаж, энд байгаа эмэгтэйчүүд гарын үсэг зурвал би албан тушаалаасаа бууна” хэмээн Дутерте мэдэгдэж байв.
Энэ хэргээс сарын дараа Дутерте “бурхан байдаг гэдгийг батлах” хүн гарвал огцорно хэмээн мэдэгдэж байлаа. Тэрбээр бурхан гэж байдаг л юм бол түүнтэй селфи хиймээр байна хэмээж байв.
Харин өнгөрсөн оны намар Дутерте хорт хавдраар өвдвөл огцорно гэж мэдэгдэж байсан ч түүнд энэ төрлийн ямар ч өвчин байхгүй нь тогтоогдсон юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ