ОХУ: Мурманск мужид гүүр хулгайлжээ

Оросын Мурманск мужид “зууны дээрэм” гэж нэрлэж болохоор хэрэг гарчээ.
Тодруулбал, тус мужийн хууль сахиулах байгууллагынхан Умба голын гүүрийг гурван өдрийн турш хайж байгаа гэнэ.
Коашва тосгоны иргэд олон жил ашиглагдаагүй, төмөр замын гарц гүүр алга болсон талаар цагдаагийнханд хэдэн өдрийн өмнө мэдээлжээ.
Тавдугаар сарын 16-нд авсан зурган дээр гүүр байсан ч ердөө 10 өдрийн дараа ор мөргүй болсон гэнэ. Цагдаагийнхны мэдээлснээр байгалийн хүчин зүйлийн улмаас унаж, урссан байх боломжгүй аж.
Энэ гүүрийг төмрийн хаягдалд өгөхөөр хулгайлсан байж болзошгүй гэсэн таамаглалыг цагдаагийнхан дэвшүүлж байгаа юм байна.
Орон нутгийн засаг захиргааны мэдээлснээр гүүр алга болсон зам Мурманскийн автозамын харьяанд байдаг, алга болсон гүүр олон жил ашиглагдаагүйн дээр хотын балансад ч байдаггүй гэнэ.
Тиймээс орон нутгийн хууль сахиулагчид гүүр эзэмшигч болон бүхэл бүтэн төмөр бетон гүүр хулгайлаад ор сураггүй болсон этгээдүүдийг эрэн хайж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ