Хог ачсан чингэлэг Филиппинээс Канад руу буцлаа

Канадын хог тээвэрлэсэн чингэлгүүд бүхий хөлөг онгоц Филиппиний Субик боомтоос Ванкуверыг чиглэн хөдлөсөн талаар тус улсын CBC суваг мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр баасан гаригийн өглөө хөлөг онгоц хөдөлсөн бөгөөд Манила хотоос баруун хойд зүгт 100км зайд орших боомт дээр чингэлгүүдийг ачихад Филиппин дэх Канадын элчин сайдын яамны дипломатууд хяналт тавьсан байна.
Энд дуулгахад, 2013 онд дахин боловсруулагдах хог нэрийн дор Филиппиний нутаг дэвсгэр рүү оруулсан 69 чингэлэг дахин боловсруулагдахгүй хогийг заасан хугацаанд буцаан аваагүй гэсэн шалтгаанаар тавдугаар сарын 16-ны өдөр Филиппин улс Канадаас элчин сайд болон консулуудаа эгүүлэн татаж байлаа.
Мөн “хогны дайн зарлахуйц” мэдэгдлүүд хийж, Филиппин улс жижиг орон ч өндөр хөгжилтэй улс орнуудын хогийн цэг болохыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ