Орос харилцан визгүй болох саналыг Японд тавьжээ

ОХУ визгүй зорчих журамд шилжих саналыг Японд тавьжээ. Энэ талаар Японы Гадаад хэргийн сайд таро Конотой хийсэн уулзалтынхаа дүнгээр Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ.
“Ажил хэргийн болон аялал жуулчлалын зорилгоор зорчих зэргээс эхлээд ОХУ болон Японы хооронд харилцан визгүй зорчих журамд шилжихийг бид өмнө нь санал болгож байсан. Үүнийгээ өнөөдөр дахин санууллаа” хэмээн Лавров мэдэгдээд хоёр орны яриа хэлэлцээр үргэлжилнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Лавровын мэдэгдснээр дээрх санал нь Оросын Сахалинск муж болон Японы Хоккайдо мужийн оршин суугчид чөлөөтэй зорчдог журам нэвтрүүлэх тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины санаачилгыг хэрэгжүүлэхтэй холбоотой санал гэдгийг онцоллоо.
Энд дуулгахад Японы Засгийн газар Оросын иргэдэд зориулсан богино хугацаат визийг цуцлах асуудлыг судлаж байгаа гэсэн мэдээлэл 2019 оны хоёрдугаар сард гарч байлаа. Ийм алхам хийвэл хоёр орны хооронд энхийн гэрээ байгуулах асуудал дахь Оросын байр суурийг зөөллөнө гэж ажиглагчид үзэж байв.
Дашрамд дуулгахад, 1945 оны есдүгээр сарын 2-ны өдөр Япон улс Постдамын тунхагийн нөхцлийг хүлээн авч, үг дуугүй бууж өгөх актад гарын үсэг зурснаар дайн дууссан. Гэсэн ч хоёр тал өнөө хэр нь энхийн гэрээ байгуулаагүй юм. Үүний шалтгаан нь дайны дүнгээр Зөвлөлт Холбоот Улсын мэдэлд очсон Курилын арлуудын бүлэгт багатах Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи арлуудтай холбоотойгоор хоёр орны хооронд газар нутгийн маргаан өнөө хүртэл үргэлжилдэгтэй холбоотой юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ