Трамп Европын орнуудаар хийх айлчлалаа эхэллээ

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп Европын орнуудаар хийх айлчлалаа эхлүүллээ. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британи, Ирланд, Францад төрийн айлчлал хийх юм.
Зургаадугаар сарын гуравны өдөр Трамп эхнэрийн хамтаар Букингемын ордонд хатан хаантай уулзан, дараа нь үдшийн зоог барих юм байна. Харин маргааш Ерөнхий сайд Тереза Мэйтэй чөлөөт худалдааны талаар хэлэлцээр хийхийн дээр бизнесийн төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөжээ.
Улмаар зургаадугаар сарын тавны өдөр Трамп Портсмутыг зорьж, Нормандад холбоотнууд буусны 75 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээнд оролцох юм. Энэ арга хэмжээнд Германы канцлер Ангела Меркель зэрэг бусад орны тэргүүнүүд ч оролцох юм байна.
Үүний дараа Америкийн Ерөнхийлөгч Ирландыг зорино. ТАСС агентлагийн мэдээлснээр Trump International Golf Links and Hotel зочид буудалд буух бөгөөд энэхүү тансаг зэрэглэлийн гольф-клуб нь Трампкын хөвгүүдийнх юм байна.
Зургаадугаар сарын зургааны өдөр Трамп эхнэрийн хамт Нормандад очин, Кольвиль-Сюр-Мер хотод байх Америкийн дайчдын оршуулгын газарт болох ёслолын арга хэмжээнд оролцох гэнэ. Энэ ёслолын арга хэмжээнд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон оролцохын дээр арга хэмжээний дараа хоёр орны Ерөнхийлөгчид Канд уулзалт хийх юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ