Судан: Суултыг тараах үеэр 13 хүн амиа алджээ

Суданы нийслэл Хартум хотноо суулт тараах үеэр 13 хүн амиа алдаж, 200 гаруй хүн амиа алдсан талаар Ассошейтед пресс агентлаг мэдээллээ.
Даваа гаригт аюулгүй байдлын хүчнийхэн Армийн командлалын штабын урд талбай дээр эсэргүүцэл илэрхийлж байсан хүмүүс рүү гал нээсэн байна. Тэд Суданы засаглалыг иргэний засгийн газарт шилжүүлэхийг шаардаж байжээ.
Гэрчүүдийн мэдүүлснээр, хууль сахиулагчид болон иргэдийн хооронд мөргөлдөөн гарсны дараа жагсагчдын эсрэг галт зэвсэг, нулимс асгаруулах хий ашигласан байна. Мөн цэргийнхэн бүхий л замыг хаажээ.
Энэ мэдээлэл гарсны дараа Суданы арми суултыг хүчээр тараагаагүй гэж мэдэгдсэн байна. Харин ойролцоох дүүргээс хэв журам зөрчигчид нэвтрэн, иргэдийн аюулгүй байдалд заналхийлж байсан тул зайлшгүй арга хэмжээ авсан гэж мэдэгдсэн тухай Скай Ньюс мэдээллээ.
Эсэргүүцлийн арга хэмжээг удирдагчид цэргийн зөвлөлийнөнтэй бүх талын харилцааг зогсоож байгаа талаар мэдэгдсний дээр бүх нийтийг суулт, иргэний тэмцэлд уриалсан байна.
Энд дуулгахад, одоо Суданыг 10 хүний бүрэлдэхүүнтэй Цэргийн дээд зөвлөл удирдаж байгаа юм. Цэргийнхэн болон сөрөг хүчний төлөөлөгчид сүүлийн хэдэн долоо хоногийн туршид шилжилтийн үед хэн төр барих талаар хэлцэл хийжээ. Үүний дүнд Цэрэг-иргэний шилжилтийн засгийн газар байгуулахаар зарчмын тохиролцоонд хүрсэн бөгөөд энэ засгийн газар нь чөлөөт сонгууль явуулах ёстой гэдгийг тохиолцсон юм.
Гэхдээ сөрөг хүчнийхэн шилжилтийн зөвлөлийн 15 гишүүнээс наймынх нь суудлыг эзлэхийг хүссэн бол цэргийнхэн илүү эрхтэй байхаар санал зөрөлдсөн тул ийнхүү сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн арга хэмжээ эхлүүлжээ.
Эсэргүүцлийн суултаас үүдэлтэй цэргийнхэн болон иргэдийн хоорондын мөргөлдөөнөөс олон хүн амиа алдсан хэрэг хэдхэн сарын өмнө мөн гарч байлаа.
Эргэн сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард Суданд цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Омар аль Башир болон түүний хүрээллийн өндөр албан тушаалтнуудыг цэргүүд баривчласан юм.
Үүнээс өмнө, өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш энэ улсад эсэргүүцлийн жагсаал, суулт үргэлжилсээр байсан. Тодруулбал, 2018 оны 12 дугаар сард Суданд эдийн засгийн нөхцөл байдал эрс дордож, талх, түлшний үнэ өссний дээр тус улсын Ерөнхийлөгч Засгийн газраа огцруулж, Суданд онц байдал тогтоож байв.
Энэ нөхцөл байдлыг Суданы иргэд эсэргүүцэн, анхлан тавьж байсан эдийн засгийн шаардлага нь улс төрийн шаардлагаар солигдож, төрийн эрхэнд 30 жил байгаа Ерөнхийлөгч Омар аль Баширыг огцрохыг шаардаж эхлэсэн юм. Эсэргүүцлийн жагсаал цуглаан яваандаа эмх замбараагүй байдал үүсгэж, аюулгүй байдлын хүчнийхэн болон иргэдийн хоорондын мөргөлдөөний улмаас дөрөвдүгээр сарын есний өдөр Суданы нийслэл Хартум хотод 14 хүн амиа алдаж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ