Apple iTunes-ээс татгалзлаа 

img

 

 

Apple корпораци OS X 10.15 Catalina нэртэй шинэ үйлдлийн систем танилцууллаа. Энэ шинэ системд 18 жил оршин тогтносон  iTunes  апликейшнийг гурван өөр апликейшнээр сольсон талаар NBC мэдээллээ. 


“Шинэ үйлдлийн системд бид Apple Music, Apple Podcasts болон Apple TV гэсэн шинэ апликейшнүүдийг суулгасан. Компьютерын хоёр дахь дэлгэц болгон iPad-ыг ашиглах боломж олгосон  Sidecar аппликейшнтэй болсноор боломжууд хэрхэн өргөжснийг хэрэглэгчид өөрсдөө туршиж болно” хэмээн тус корпорацийн компьютерын программ боловсруулалт хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Крейг Федереги мэдэгджээ. 


Анх 2001 онд бүтээгдсэн iTunes олон жилийн туршид  Apple-ийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн хувьд нэн шаардлагатай бүтээгдэхүүн байлаа. Энэ апликейшний тусламжтайгаар, iPhone ухаалаг утас гарахаас ч өмнө, 2007онд  iPod -ын МР3 тоглуулагчдын хэрэглэгчид төхөөрөмжөө компьютертэй холбон, дуу татаж авдаг байв. iPhone гарсны дараа ч энэ апликейшн нэн чухал хэвээр байсан бөгөөд  iTunes -ээр дамжуулан ухаалаг утаснуудыг компьютерт холбон, төрөл бүрийн тохиргоо хийдэг байсан юм. 


Бусад төхөөрөмжүүдтэй холбогдон ажиллахаас гадна энэхүү программ нь  iTunes Store апликейшний онлайн дэлгүүрээс төрөл бүрийн бүтээгдэхүүн худалдан авах боломж олгож байв. 


Түүнчлэн iTunes Store -оос худалдаж, эсвэл түрээслэн авсан хөгжим сонсох, видео бичлэг болон кино үзэхэд зориулан дээрх программыг ашигладаг байлаа. Харин шинэ үйлдлийн систем нэвтрүүлснээр  Apple Music апликейшнээр дамжуулан iTunes-ээс авсан бүхий л аудио бичлэгүүдийг сонсох боломжтой болох гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ