Путин: Оросын эдийн засаг тогтвортой хөгжлийн замд орсон

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн форумын хүрээнд хэвлэл мэдээллийнхэнтэй уулзан, тэдний сонирхсон асуултанд хариулт өгчээ. Эдгээрээс гол сэдвүүдээр ямар байр суурь илэрхийлснийг ТАСС агентлагийн мэдээлснээр товчлон хүргэе.
Оросын эдийн засгийн тухай
"Бид уналтыг даван туулсан төдийгүй тогтвортой хөгжлийн замд орсон" хэмээн Владимир Путин Оросын эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярихдаа онцолсон байна.
Өнөөгийн нөхцөл байдал нь гадаад эдийн засаг болон дотоодын эдийн засгийн хүчин зүйлс, түүнчлэн Оросын эрх баригчдын эдийн засгийн бодлого, макро эдийн засгийн тогтвортой нөхцөл байдалтай холбоотой гэж цохон тэмдэглэжээ.
Орос, ЕХ-ны харилцааны талаар
Орост сул дорой Европ хэрэггүй гэж Путин үзэж байна. Түүний өгүүлснээр Орос улс алт валютын нөөцийнхөө 40%-ийг еврогоор хадгалдаг бөгөөд Европын холбоо хамгийн том худалдаа эдийн засгийн түнш гэнэ.
Европын парламент Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүдээ цуцалж эхлэвэл Орос улс ч хоригоо цуцлахад бэлэн байгаа гэж Путин мэдэгдлээ.
ОХУ болон Их Британийн харилцааны талаар
2018 онд Их Британид Оросын тагнуулч асан, дараа нь Британийн тагнуулд ажиллаж байсан Сергей Скрипалийг охиных нь хамт мэдрэл саармагжуулах хүчтэй хороор хордуулсан хэрэг гарсан. Үүнийг ОХУ үйлдсэн гэж үзсэн Их Британи "тусгаар улсын нутаг дэвсгэр дээр бусдын амь насанд халдсан" гэж Оросыг буруутган, энэ хоёр орны хооронд дипломат дайн өрнөн, хоёр тал ээлжлэн элчин, консулуудаа татаж байлаа.
Тэр үеэс хойш хоёр орны харилцаа төдийлөн сайжраагүй бөгөөд энэ талаарх сэтгүүлчийн асуултанд хариулахдаа Владимир Путин Лондонд хандан тагнуул болон халдлагатай холбоотой хэргийг орхихыг уриалсан байна. Сергей Скрипалийн талаар яриа өрнөхөд тэрбээр Орос улс Их Британийн эсрэг тагнуул хийгээгүй хэмээн онцолжээ.
"Скрипаль манай биш тэдний тагнуул. Тэгэхээр бид биш тэд манай эсрэг тагнуул хийсэн гэсэн үг" хэмээн Оросын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.
Мөн одоо хоёр орон тусгай албадын тоглоомын араас хөөцөлдөх биш харин дэлхий нийтийн асуудлыг шийдэх нь чухал гэж цохон тэмдэглэжээ.
Венесуэлийн хямралын талаар
Венесуэл болон бусад орны хэрэгт оролцох нь байж болшгүй хэрэг гэж Орос улс үздэг тухай Путин онцоллоо. Түүнчлэн Венесуэлийн хямралыг цэргийн хүчээр шийдвэрлэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Хүчээр асуудлыг шийдэх нь сөрөг үр дагавар дагуулдаг гэдгийг Ливи, Иракийн жишээ бэлхэн харуулж байна хэмээн Путин цохон тэмдэглэлээ. Түүнчлэн Орос улс Венесуэлд ямар ч цэргийн бааз байгуулахгүй, гагцхүү цэргийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд үүргээ биелүүлнэ хэмээсэн байна.
Газрын тосны үнийн тухай
Орос улс газрын тосны үнэ хэт өндөр байгаасай гэж хүсэхгүй байгаа, баррель нь 60-65 ам.доллар байхад л Оросын төсөвт болно гэдгийг Путин онцоллоо.
Түүнчлэн Орос улс газрын тосны зах зээл дэх бүхий л нөхцөл байдал, тэр дундаа Иран, Венесуэл дэх олборлолтын түвшний уналт, Ливийн асуудлууд зэрэг нөхцлүүдийг, мөн зуны улиралд газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний түвшнийг харгалзан үзнэ гэж Путин мэдэгдсэн байна.
Нацизмыг алдаршуулж байгаатай тэмцэх талаар
Дэлхий дээр болсон дайн тулаануудын түүхэн дурсгалыг хадгалах, нацизмыг баатарлаг үйл мэтээр алдаршуулахын эсрэг зогсох нь нэн чухал гэж Оросын Ерөнхийлөгч үзэж байна.
Дорнод Европын орнууд, Украин, Балтик орчимд хас тэмдэг зүүсэн хүмүүс олширсон гэдгийг Путин онцлоод "Тэд яагаад нацизмыг баатарлаг үйл мэтээр алдаршуулж байгаа юм бэ?" гэжээ.
Мөн Европд энэ үзэгдэлтэй гагцхүү еврейн хөдөлгөөний идэвхитнүүд тэмцдэг гэдгийг онцолсон байна. Түүнчлэн өнөөгийн харилцаан дээр дэлхийн улс орны удирдлагууд өнгөрсөн үеийн эмгэнэлт үйл явдлын сургамжийг санан, дахин ийм алдаа гаргахгүй байхын төлөө хичээхийг Путин уриаллаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ