Тэмбүү өвчний эсрэг "Улаан тариа"-ны аян зарлалаа

Манай орны хүн амын дунд гамшгийн хэмжээнд хүрээд байгаа тэмбүү өвчнийг устгахаар хоёр жилийн аян зарлаж буйгаа ЭМЯ-наас өнөөдөр (2019.06.10) мэдэгдлээ. Тус аяныг НҮБ-ын Хүн амын сан, Олон улсын Глобал сан, ХӨСҮТ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулна.

Тэмбүү өвчнөөр өвчилсөн иргэдийн дийлэнх хувийг уул уурхайн ажилчид, жирэмсэн эхчүүд эзэлж байна. Жирэмсэн эхчүүд эмчийн хяналтанд орохгүй байгаа нь төрөлхийн тэмбүүтэй хүүхдийн тоо өсөх эрсдэлийг нэмэгдүүлж буй аж. Гурван эх тутмын нэг нь зулбадаг. Тиймээс жирэмсэн эхийн хяналтыг сайжруулж, сайн дурын оношлогоо хийх зэрэг арга хэмжээг аяны хүрээнд зохион байгуулах аж.
Тэмбүү өвчинг илрүүлэхэд иргэд санаачилгаараа ирдэггүй, хамтрагчаа нуудаг, зарим нь ирж үзүүлэхээс санаа зовох гэх мэтээр хүндрэл гардаг. Энэ өвчнөөр өвчилсөн гэдгээ мэддэг ч эмчилгээ хийлгээгүй, бусдад санаатайгаар халдаасан тохиолдолд 1-5 жилээр хорих ял оноох, хилээр гаргахгүй байх хуулийн зохицуулалттай байдаг.
Тэмбүүгийн өвчлөлийн талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс тодрууллаа.
-Тэмбүү өвчин эдгэдэггүй гэж хүмүүс ойлгодог. Энэ ойлголт зөв үү?
-Тэмбүү өвчин нь цагаан трепонем гэдэг нянгаар үүсгэгддэг, архаг удаан явцтай, олон эрхтэн тогтолцоог гэмтээдэг, бэлгийн замын халдварт өвчин. Тэр нян хүний цусанд орсноор нянгийн эсрэг уураг үүсдэг. Тэр уураг нь эдгэсэн ч арилдаггүй. Эдгэсэний дараа шинжилгээ өгөхөд тэр уураг нь гарч ирдэг. Тэрийг хүмүүс эдгэдэггүй өвчин гэж ойлгодог.
-Эмчилгээ хийлгээд эдгэхэд дахин тусах уу?
Хамтрагчтайгаа хамт ирж эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол дахин тусах аюултай.
-Ямар эмчилгээ хийдэг вэ?
Пенициллинийг долоо хоногийн зайтай гурван удаа тарьснаар бүрэн эдгэдэг. Эмчилгээгээ таслахгүй, бүрэн гүйцэд хийлгэх юм бол 100 хувь эдгэрдэг өвчин. Тиймээс иргэд та бүхнийг эрт илрүүлгийн үзлэгт идэвхтэй хамрагдаасай гэж хүсч байна.
Иргэд тэмбүүний шинжилгээг харьяа өрх, дүүргийн эмнэлгүүдэд өгөх боломжтой. Харин баг, хамт олны шинжилгээ өгөх хүсэлтийг ХӨСҮТ-өөс эмч нар ирж, авах аж.
С.Ганцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ