С.Чинзориг: Хог түүдэг хүүхдүүдийг сургуульд хамруулж, эрүүл мэндийн үйлчилгээгээр хангах хэрэгтэй

img

 

Улаанчулуутын хогийн цэгт орон гэргүй, хог түүдэг иргэд “бэлчиж байна”. Жилийн аль ч улиралд эдгээр иргэд энд хог түүж, амьдардаг. Хөдөө орон нутгаас ирсэн иргэд ч байна. Тэр дундаа хүүхдүүд энэ хүмүүсийн тодорхой хувийг эзэлнэ. Өнөөдөр даваа гаригт нэг л дүүргийн хог ирдэг учир иргэд харьцангуй цөөн байгааг холбогдох мэргэжилтнүүд ярьж байна.

 

Засгийн газраас энэ оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарласан. Энэ хүрээд холбогдох яамнаас хүүхдийн хөгжилд анхаарч, тэднийг эрүүл, тайван орчин амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн эсрэг авах арга хэмжээний талаар хэлэлцүүлэг өрнүүлж, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.

 

ХНХ-ын сайд С.Чинзориг өнөөдөр Улаанчулуутын хогийн цэгт ажиллалаа. Тэнд байгаа хүмүүстэй уулзаж, саналыг нь сонссон юм. Иргэд Эрүүл мэндийн даатгал, НДШ-ээ хэрхэн төлөх талаар сайдаас асууж байв. Сайд С.Чинзориг “Эрүүл мэндийн даатгалын нэг жилийн шимтгэлээ төлвөл эрүүл мэндийн үйлчилгээ авах бүрэн боломжтой. Хамгийн гол нь эхлээд та нар харъяа дүүргийнхээ хэлтэстэй гэрээ хий. ЭМД-аа улирлаар төлөөд явж болно” гэдгийг хэллээ.

 

"Туркт ажиллаж байгаа ээж намайг татаж авна" 

 

Хогийн цэгт байгаа иргэн С.Г “Төв аймгаас ирсэн. Ээжтэйгээ амьдардаг. Мотоциклиос унаад хөлөө гэмтээсэн. Иргэний үнэмлэх авч байгаагүй” гэлээ. Харин иргэний бүртгэлийн ажилтан “Бид хоёр жилийн өмнө  цагдаагийн байгууллагатай хамтарч, иргэний бүртгэлд хамруулж, бичиг баримтжуулсан. Зарим иргэд бичиг баримтаа ашигладаггүй. Зарим нь үрэгдүүлсэн байдаг. Таны нэр усыг бүртгээд, иргэний үнэмлэхийг гаргаж өгнө. Хурууны хээг нь уншуулахаар бичиг баримт авч байсан эсэх нь тодорхой болно. Хөдөө орон нутгаас ирсэн хүн бичиг баримтгүй байж магадгүй”  гэж хариуллаа. ХНХ-ын сайд С.Чинзориг 13 настай Н-тэй ярилцсан юм.

 

-Сургуульд сурдаг уу?

 

-Сурсан. 6 дугаар ангиаса гарсан.

 

-Аав ээж нь бий юу?

 

-Байгаа, гэртээ.

 

-Ажил хийдэг үү?

 

-Үгүй.

 

-Хэдэн настай улсууд вэ?

 

-50 настай.

 

-Бие нь эрүүл үү, аав, ээжийнх нь?

 

-Эрүүл.

 

-Аав, ээждээ тус дэм болох гэж энд ирээд байна уу?

 

-Үгүй.

 

-Сургууль сурах сонирхол байна уу?

 

-Аав, ээж хоёр хол, гадаадад байдаг.

 

-Сургуульд сурмаар байна уу?

 

-Ээж намайг өөр рүүгээ авна гэсэн. Туркт.

 

-Чи тэндээ амьдрах уу?

 

-Мэдэхгүй.

 

-Хүүхдийн мөнгө авч байна уу?

 

-Хадгаламж руу ордог.

 

-Ханиад томуу хүрвэл эмнэлэгт үзүүлдэг үү?

 

-Хорооны эмнэлэгтээ үзүүлдэг.

 

-Энд чамаас өөр хэдэн хүүхэд байна вэ?

 

-Хүүхдүүд байдаг.

 

-Та хэд цаашдаа юу хийе гэж боддог вэ?

 

-Энд байж, орлого олохыг боддог.

 

Хогийн цэг дээр ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн хамгаалалд анхаарах хэрэгтэй

 

Тэд ийн ярьж байна. ХНХ-ын сайд С.Чинзориг:

 

-Нэг удаагийн арга хэмжээний хүрээнд иргэдийг бичиг баримтжуулахаас өөр аргагүй. Хот, дүүргийн удирдлагуудтай ярьж байгаа бичиг баримттай болгох асуудлыг шийднэ. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай. Иргэд яагаад хот дээр амьдраад байна гэдэг учир шалтгааныг тодруулах шаардлагатай. Хогийн цэг дээр ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн хамгаалалд анхаарах хэрэгтэй. Тэр дундаа хүүхдийг сурах бололцоогоор хангах шаардлагатай.  Тэдний сурах боловсрох эрхийг хангах хэрэгтэй.

 

Олон жил яригдаж байгаа хогны үйлдвэртэй болох, хогийг ангилах асуудлыг шийдэх хэрэгтэй. Олон жил энд амьдарсан иргэдийг нэг өдөр ажилтай, орлоготой болгоод эндээс шууд гаргах хэцүү. Олон жилийн турш амьдралынх нь хэв маяг, зуршил болсон. Тиймээс сэтгэлзүйчтэй ажиллуулах, сэтгэлгээг нь өөрчлөх урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай. Улаанбаатар хотын захиргаа, Засгийн газарт асуудал оруулж, хүүхдүүдийг боловсролтой болгож, эрүүл мэндийн үйлчилгээгээр хангах хэрэгтэй” гэлээ.

Н.Нягт

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ИЙМ БАЙДЛААР АСУУДЛЫГ ШИЙДЭХГҮЙ Л ДЭЭ. ЗӨВХӨН ТУХАЙН ХҮНИЙ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАЖ АСУУДАЛ ШИЙДНЭ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ. УЛ СУУРЬ ҮНДСИЙГ НЬ ЗАСАХ ХЭРЭГТЭЙ. ТЭРНЭЭС ХОГИЙН ЦЭГИЙН ДЭРГЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА, АЖИЛЛУУЛНА ГЭВЭЛ ТЭР НЬ ШИГ ТЭНЭГ ЮМ БАЙХГҮЙ. ЕРӨӨСӨӨ ДЭЭРЭЭСЭЭ ДООШООГОО ТОЛГОЙ, ТАРХИ СЭТГЭХҮЙ НЬ АЖИЛЛАХАА БОЛЬСОН ЦАГ ИРСЭН. ДЭЭДЧҮҮЛ НЬ ЗӨВХӨН УЛС ТӨР АШИГ СОНИРХЛЫН ҮҮДНЭЭС ХАНДАНА. ХОГИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛААД НААД ХҮМҮҮСЭЭ ТЭНД НЬ АЖИЛТАЙ ЦАЛИНТАЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ТЭРНЭЭС ДАН ЯДУУГААСАА Ч БИШ ӨӨРИЙН ДУРААР, ЗАЛХУУ, АРХИНЫ ХАМААРАЛТАЙ БОЛСОН ХҮМҮҮС Ч БИЙ. ЗӨВХӨН ХҮҮХДҮҮДТЭЙ УУЛЗААД СҮР ҮЗҮҮЛЖ НЭГ ИХ "ХАЛАМЖИЛСАН ЦАРАЙ" ГАРГААД БАЙХ ХЭРЭГГҮЙ.
2019-06-11
Anh:
Ehleed odoo surch bgaa huuhduudee aytaihan surah bolomjoor hanga daraa n
2019-06-10