Жолооч, явган зорчигчид дүрэм зөрчихгүй болсон цагт хашлагыг авна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Намянжүгийн гудамж, Нарны гүүр орчим, Их тойрууд 4820 м урт хайс хашлагыг байршуулсан билээ. Харин өнөөдөр өглөө зарим байршлын хашлагыг авсан байна. Учир шалтгааныг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа.
-Замын голд шар хашлага байршуулсан нь олон нийтийн шүүмжлэлд нэлээн өртлөө. Заавал хашлага хийх шаардлагатай юу?
-Жолооч нар замын үргэлжилсэн цагаан шугамыг давдаг. Бас урсгал сөрж явдаг. Явган зорчигчид ч гарцгүй газраар зам хөндлөн гардаг. Энэ бүхэн нь осол гарах эрсдлийг дагуулж байдаг. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор хашлага байршуулсан. Хөгжингүй бусад орнуудад ч ийм хашлага тавьдаг.
-Өнөөдөр зарим байршлын хашлагыг авсан байна. Яагаад авсан юм бол?
-Өөр замд дутсан учраас түр авсан байх. Бүх замын хашлагыг аваагүй байгаа.
-Хашлагын төсөв хөрөнгө хаанаас гарсан вэ? Хэдэг төгрөгийн өртөгтэй бол?
-Бид төсвийн талаар мэдэхгүй. Нийслэлийн замын цагдаагаас санаачлан хийсэн ажил. Харин бид шаардлагын дагуу хашлага тавьж гүйцэтгэсэн.
-Хашлага тавьснаас хойш явган хүний гарцын асуудал нэлээн хөндөгдлөө. Зарим хэсэгт гарц байхгүйгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдүүдэд хүндрэл үүсч байна. Явган гарцыг хэрхэн зохион байгуулдаг вэ?
-Тухайн хороо, дүүрэгт хэдэн хүн амьдардаг гэдгээс хамааран гарцыг хийдэг. Явган хүний гарцын өргөний хэмжээ нь хөдөлгөөний хурд 60 км/ц-аас илүүгүй зам дээр 2.5 метр түүнээс илүү буюу хурд хязгаарлагдаагүй зам дээр дөрвөн метр хүртэл хэмжээтэй байна.
-Явган хүний гарцууд хоорондоо зайтай учраас хүмүүс хашлага даваад байдаг байх?
-Энэ шар хашлагыг явган зорчигчид болон жолооч нарт хэвшил болтол байршуулна. Тухайн хэсгүүдээр дүрэм зөрчихгүй болсон цагт бид хашлагыг авна.
-Хотын зарим хэсэгт явган гарц бараг байдаггүй. Жишээ нь Хан-Уул дүүрэгт гарц их ховор харагддаг.
-Явган хүний гарцийн тоо судалгаа гэж байгаа. Шаардлагатай хэсгүүдийг судалж гарц тавина.
Б.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ