С.Батболд: Сонгууль бодож сайд нарыг сонгоогүй
МАН-ын дарга Ерөнхий сайд С.Батболд шинэ сайд нарын нэрс тодорсонтой холбогдуулан мэдээлэл өгсөн юм. “Засгийн газрыг бид цаг алдалгүй бүрдүүлэхээр ажиллаж байна.Засгийн газар одоогийн бүтэц бүрэлдэхүүнээрээ ажиллах ёстой. Бид 2008 онд хамтарсан Засгийн газар байгуулж, мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Энэ хөтөлбөрийн цар хүрээ, зорилтууд Монгол Улсын хөгжил дэвшлийг ихээхэн урагшлуулах учиртай бөгөөд явц нь 82 хувьтай явна. Үлдсэн зорилтуудыг дуусгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс зургаан сайдаа шинээр томилон ажиллана.
Гурван сайдыг УИХ-аас, бусад гурван сайдыг намаас сонгохоор болсон. Ингээд МАН-аас Тэргүүн шадар сайдад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлж байна. Мөн Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, ЗТБХБ-ын сайд УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, БХ-ын сайдад УИХ-ын залуу гишүүн Ж.Энхбаяр, БОАЖ-ын сайд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан Д.Цогтбаатар, ЭМ-ийн сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар нарыг нэр дэвшүүлж байна. МАН-ын хувьд Монгол Улсын төр засгийн ажиллагаа чухал учир бид бүх эрч хүчээ дайчлан ажиллана” гэлээ.
Ерөнхий сайд мөн “Бид Засгийн газрын гишүүдийг сонгохдоо сонгуулийг урьтал болгоогүй харин мэргэжлийн өндөр чадвартай, туршлагатай хүмүүсээр багаа сэлбэж байгаа” гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ