Төрсөн өдрийн мэнд Мухаммед Али
Өнөөдөр дэлхийн мэргэжлийн боксын хүнд жингийн гурван удаагийн аварга, домогт боксчин Мухаммед Али 70 нас хүрч байна.
Түүнд төрсөн өдрийнх нь ойд зориулан олон шүтэн бишрэгчдээс нь мэндчилгээ ирсэн ба түүний дотор АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтоны мэндчилгээ ч багтжээ. Билл Клинтон Мухаммед Алиг хорвоод хосгүй хүн хэмээн нэрлэжээ.
Мэргэжлийн боксын дэвжээнд 21 жил тулалдахдаа 61 тулаанаас 56-д нь ялж байсан ба үүнийхээ 37-г нь нокаутаар авч байсан юм.
Мухаммед Алиг BBC болон Sports illustrated сэтгүүлээс 1999 онд зууны манлай боксчноор нэрлэж байлаа.
Тэрбээр хамгийн анхны дэлхийн гурван удаагийн хүнд жингийн аварга гэдгээс гадна тамирчныхаа хувьд бус хувь хүнийхээ хувьд бусдад үлгэр дуурайлал болж чадсан хүн билээ.
Тэрбээр Вьетнамын дайныг эсэргүүцсэн олно нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож байлаа.
Мөн 1967 онд цэрэгт татагдан дайнд явахаас татгалзсаныхаа төлөө боксын цол хэргэмүүдээ, тоглох эрх буюу лицензээ ч хураалгажээ.
Хэдий шоронд ороогүй боловч түүний заргыг АНУ-ын Дээд Шүүхээс хүлээн авч зөвтгөх хүртэл дөрвөн жил орчим рингэн дээр гарч чадаагүй юм.
Харин 1970 онд түүнийг дахин тоглохыг зөвшөөрч, 1974 онд дэлхийн аварга хэмээх цолоо эргүүлэн авсан ажээ.
Сүүлийн жилүүдэд Мухамед Али паркинсоны өвчин буюу ой тогтоолтоо алдах өвчнөөр өвдөж бие нь базаахгүй байгаа ч охин Луилагийнхаа тоглолтыг байнга үздэг гэнэ.
Их Британийн боксын хүнд жингийн аварга асан Лионекс Льюис "Түүнийг телевизээр хараад яг түүн шиг агуу тамирчин болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Тэр үнэхээр агуу хүн. Жинхэнэ тамирчин" гэсэн байна.
Тэрбээр "Би охиныхоо тоглолтыг үзэж байхад нь тааралдсан. Өвдсөн шинжгүй сууж байсан. Паркинсоны өвчин байнга илэрдэггүй хачин өвчин. Нэг удаа түүнийг солиотой юм шиг болчихсон байхыг ч харж байсан" гэж хуучилжээ.
Бүх цаг үеийн хүнд жингийн хамгийн агуу боксчин гэж дэлхий даяар үнэлэгдсэн Мухамед Али ийнхүү өнөөдөр 70 настайгаа золгож байна. Тэрбээр мэргэжлийн бокст хөл тавихынхаа өмнө сонирхогчийн боксоор хичээллэдэг байх үедээ Италийн Ром хотод 1960 онд зохиогдсон зуны олимпоос алтан медаль хүртэж байсан.
Кассиус Клей хэмээх нэртэй байсан тэрээр 1964 онд лалын шашинд орсноор нэрээ Мохаммед Али болгон сольжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ