Цагаан Суваргын ордын 50 хувь төрд хэрэгтэй хэвээрээ юү
Дэд бүтэц хөгжөөгүй говь, хээрийн бүсэд бүр тодруулбал Дорноговь аймгийн нутаг дахь Мандах сумын төвөөс урагш 75 км-т, Сайншанд хотын төмөр замын станцаас баруун урагш 220 км газарт орших Цагаан Суваргын зэс молибдены ордыг “Mining news” булангийн Стратегийн ордууд цуврал энэ өдөр онцолж байна. Тус ордыг Монгол улсын Үндэсний аюулгүй байдал, эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, Дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой орд гэж үзсэн учраас, Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоол дахь Стратегийн ордуудын жагсаалтад албан ёсоор оруулжээ. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн тус орд дээр хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж буй, лиценз эзэмшигч нь “Монголын Алт” компани гэдэг ерөнхий мэдээлэл уншигч танд бий байх. Тэгвэл Оюутолгой ордыг ашиглахтай холбоотой Хөрөнгө оруулалтын гэрээний хувилбарыг анх боловсруулж байсан 2007 оны Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийнхэн Цагаан суваргын ордын лицензийг эзэмшдэг "МАК" зэрэг компанитай хэлэлцээ хийх үүрэг хүлээж байсан билээ. Үүрэг хүлээсэн утга учир нь, тус орд дахь төрийн эзэмшлийн хувь хэд байх талаар санал, хувилбарыг боловсруулж, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй зөвшилцөх, үүний тулд “Монголын Алт” компаниас тус ордод хэдий хэмжээний хөрөнгө оруулсан талаархи мэдээллийг гаргаж өгөхийг хүссэн мэдэгдлээ Ажлын хэсгээс хүргүүлж байсан юм. Харин Цагаан суваргын зэс молибдены ордын лиценз эзэмших эрхийг 1999 онд авсан “Монголын Алт” компанийн тухайд 2005 онд тус ордын зэсийн хүдрийг Уулын баяжуулах Эрдэнэт Үйлдвэрт хагас үйлдвэрийн туршилтад оруулан, баяжмал үйлдвэрлэх туршилт судалгааны ажлыг хийж гүйцэтгэжээ. 2006 онд ордын баялгийн үнэлгээг барууны 43-101 стандартаар хийж гүйцэтгэх гэрээг Канадын геологийн итгэмжлэгдсэн компанитай байгуулсан байна. 2007 онд тус ордын төслийн урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулах гэрээг олон улсын нэр хүнд бүхий инженерингийн компани Акер Кваернертай байгуулсан бол мөн ондоо ордын нөөцийг барууны стандартаар тогтооход шаардлагатай нарийвчилсан хайгуул, өрөмдлөгийн ажлыг Канадын геологийн итгэмжлэгдсэн компанийн хяналтан дор хийж дуусгаад байсан аж. Харин тухайн үеийн Засгийн газрын Ажлын хэсэг Цагаан Суваргын зэс молибдены ордын 50 хувийг Төр эзэмших ёстой гэсэн байр суурийг баримталж байсан ч, засаг дахь эрхмүүдийн санаагаар болоогүй юм. Гэхдээ Стратегийн ач холбогдолтой энэ ордын хувь заяаг Засгаас залах ёстой гэсэн хандлагыг илэрхийлэгсэд өнөөдөр ч цөөнгүй бий. Ингээд тус ордын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. Анх В.И. Данилов, Ю.А. Шипков нараар удирдуулсан ангиуд 1952 онд 1:200000 масштабын зураглалыг явуулсан бол, 1964-1982 онуудад улсын төсвөөр Төвийн геологийн экспедицийн геологи хайгуулын ангиуд эрэл, хайгуул, нарийвчилсан хайгуул, геофизик, гидрогеологийн ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Улмаар, 1984 оны 3-р сарын 31-ны өдөр Геологи, Уул Уурхайн Яамны Шинжлэх ухаан техникийн зөвлөл Цагаан Суваргын ордын нөөцийг тогтоох асуудлыг хэлэлцэн Улсын нөөцийн комисст оруулж батлахыг зөвшөөрсөн байдаг юм байна. Зэсийн энэ орд нийт 7 хүдэржилтийн бүсэд хуваагддаг бөгөөд үйлдвэрлэлийн сонирхол татсан хэсэг нь Сэрвэн Сухайтын хэсэг аж. Тус хэсэгт 44 400 тонн зэс агуулсан 10 сая 639 200 тонн исэлдсэн хүдэр, 1 280 850 тонн зэс бүхий 240 сая 044850 тонн сульфидын хүдрийн нөөцийг ашиглахад бэлэн гэж байгаа юм. Мөн Цагаан Суваргын ордын нөөц нь гүний горизонтдоо болон бусад хүдэржилтийн бүсүүддээ нэмэгдэх магадлал ихтэй бөгөөд нэмэлт судалгаагаар тогтоох нөөцийг нь үйлдвэрлэлийн зэрэгт шилжүүлэх бололцоотой аж. Тус ордын 17420 га талбайн хайгуулын лицензийг 1995 оноос Австралийн "Молопо" компани эзэмшиж байгаад 1997.8.14-ний өдөр хайгуулын лицензээ шинэчлэн бүртгүүлсэн бөгөөд 1998.6.3-нд Австрали улсын Меторд ХХК-д уг талбайг шилжүүлжээ. Энэ лиценз нь Засгийн газрын гэрээг үндэслэн "Молопо" компанид олгогдсон бөгөөд Меторд ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ залгамжлан биелүүлээгүй гэж ҮХЯ-ны гаргасан дүгнэлтийг үндэслэн ГУУКА-ны даргын 1999 оны 12-р сарын 2-ны өдрийн шийдвэрээр цуцалсан байна. Харин "Монголын Алт” компани 1999.12.10-нд 19736 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын Х-1978 тоот лицензийг авчээ. Авсных нь дараа "Молопо" компани шүүхэд нэхэмжлэл гаргаж, ордын эзэмшлийн асуудал маргаантай болсон нь, орд дээр хайгуулын болон судалгааны ажил хийх бололцоог хааж боож ирсэн гэж байгаа юм. Гэхдээ Нийслэлийн шүүхийн шийдвэр "Монголын Алт" компанийн талд эцэслэн гарсан юм. Тус орд дээр 2005 оны дөрөвдүгээр сарын 15-нд "Хөхтэнгэр тур" компани 7287 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 9626Х тоот лиценз авсан байдаг. Мөн тэр сар өдөр "Хөхтэнгэр тур" компани 132 га талбай бүхий ашигт малтмал ашиглах 9630А тоот лиценз ГУУК-аас авсан бөгөөд дараа нь лицензээ "Монголын алт” -д шилжүүлсэн байдаг. Харин одоогийн байдлаар Цагаан Суваргын ордод "Хөхтэнгэр тур" 9626Х тоот ашигт малтмалын хайгуулын лиценз, "Монголын алт” 9630А тоот ашигт малтмал ашиглах лиценз, "Хөхтэнгэр тур" 9264Х тоот ашигт малтмалын хайгуулын лицензүүд хүчин төгөлдөр гэж байна. МАК компани орд дээр хийгдсэн судалгааны ажлуудын тайлан, материалыг нарийвчлан судалж, эхний ээлжинд хийх шаардлагатай ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх шатандаа явж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд газрын гүний усны нөөцийг тодорхойлох чиглэлээр геофизикийн судалгааны ангийг гарган, усны нөөц байх магадлалтай хэд хэдэн цэгийг тодорхойлон одоо усны өрөмдлөгийн анги зохион байгуулагдан ажиллаж байна. Мөн жилд 25 000 тонн катодын зэс гаргах хүчин чадалтай Канад-Бирмийн хамтарсан Монивагийн зэсийн үйлдвэрийн ажилтай танилцан технологийн судалгаа хийсэн аж. Түүнчлэн, олон улсад сүүлийн үед өргөн ашиглаж байгаа дэвшилтэт уусган баяжуулах технологийг Цагаан Суваргын зэсийн ордын исэлдсэн хүдрийн нөөц дээр тулгуурлан хэрэглэх нь тохиромжтой гэсэн дүгнэлтийг МАК хийжээ. Гол нь, энэ технологийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь уламжлалт технологуудаас харьцангуй бага, байгаль орчинд гарах хаягдалгүй, зэс авалтын хэмжээ өндөр, эцсийн бүтээгдэхүүн гарган авах боломжтой зэрэг давуу талуудтай юм байна. Ордын исэлдсэн хүдрийн нөөц дээр тулгуурлан жилдээ 5000 тонн катодын зэс олборлох үйлдвэрийг ашиглалтад өгөхөд 20 орчим сая ам. долларын хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа ба бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэх үеэс жилд дунджаар ашигт малтмалын нөөцийн төлбөрт 275-302.5 сая. төгрөг, ашгийн татварт 1926.6-2366.6 сая, нийгмийн даатгалын шимтгэлд 59.6 сая, эрүүл мэндийн даатгалд 15.5 сая төгрөгийн татвар төлж, жилд дунджаар 2276.7-2744.2 сая төгрөгийг улсын болон орон нутгийн төсөвт оруулан 120 орчим хүнийг ажлын байраар хангах урьдчилсан тооцоо бий аж. Мөн Уусган баяжуулах технологиор ажиллах үйлдвэрийн зураг төсөл зохиох, ТЭЗҮ боловсруулах талаар дэлхийд нэрд гарсан Австралийн EGIS, АНУ-ын METCON компаниудтай холбоо тогтоон ТЭЗҮ-ийн төслийн даалгавраа өгөөд гэрээ байгуулах ажилд оржээ. Одоогийн батлагдсан зөвхөн исэлдсэн хүдрийн нөөцийг 11 орчим жил ашиглах боломжтой ба цаашид нөөц өсөх ирээдүйтэй, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 4-5 жил гэж тооцжээ. Цаашлаад, энэ ордыг ашигласнаар улсын эдийн засагт их нэмэртэй. Зэсийн экспортын хэмжээ нэмэгдэж, улсын болон нутгийн төсөвт ихээхэн хэмжээний орлого орохоос гадна говь нутагт ажлын байр шинээр бий болох, дэд бүтэц хөгжих, нийслэлийн хүн амын төвлөрлийг багасгах, энэ бүс нутгийн эрдэс баялгийн судалгаа, ашиглалтад ихээхэн ач холбогдолтой гэж салбарын яам нь үзэж буй. Цагаан Суваргын ордыг ашиглах төслийг дэмжин хэрэгжүүлэх үүднээс Сайншанд - Цагаан Суваргын 110 кВт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамыг Сайхандулаан, Мандах сумдаар дайруулан барих саналтай байна. Энэ асуудлыг шийдвэрлэснээр тус бүс нутгийн хөгжил, хүн амын амьжиргаа, дэд бүтэц нийгмийн болон ахуйн бусад салбарт дараах асуудлууд шийдвэрлэгдэх боломжтой гэж байна. Тус ордын исэлдсэн хүдрийн нөөц дээр тулгуурлан уусган баяжуулах технологиор катодын зэс, эцсийн бүтээгдэхүүн гаргах, сульфидын үндсэн хүдрийг дагалдах өндөр агуулга бүхий алт ховор элементүүдийн хамтфлотацийн аргаар авах уулын баяжуулах үйлдвэр байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой болох аж. Мөн Оюу толгойн зэсийн орд нь байршлын хувьд ойролцоо учир цаашид энэ ордыг ашиглахад, түүнчлэн говийн бүсэд орших алт, газрын ховор элементүүдийн судлагдсан ордуудыг ашиглахад цахилгааны хангамжийг шийдэх боломж бүрдэж байгаа гэж үзэж буй юм байна. Түүнчлэн, тус ордыг Стратегийн гэж тодотгосон Төр засгаас Цагаан суваргын ордыг эргэлтэд оруулах нь “Дорноговь, Өмнөговь аймгуудын өмнөд хэсгийн сумдын ажилгүйдлийн түвшинг бууруулах, говь нутагт хүн ам төвлөрөн суурьших бололцоог бүрдүүлэх, улмаар хүн малын тоо олшрон шинэ билчээр газар нээгдэх, хөрсийг хамгаалах, Цагаан цавын гүний усны бассейныг ашиглан олон жилийн өмнө тарьж ургуулж байсан тарвас, жимс, төмс хүнсний тариалан ургуулах ажлыг сэргээн орон нутгийн болон арми, хилийн цэргийн анги нэгтгэлийн хүнсний хэрэгцээг хангах, малын гаралтай түүхий эд боловсруулах жижиг дунд үйлдвэрүүд хөгжих, улсын хилийн доторхи асар уудам нутаг эзэнгүйдэх байдлаас арилгах зэрэг нийгэм, эдийн засаг, хүн амын суурьшил бодлогын олон асуудлууд шийдвэрлэгдэх бололцоо бүрэлдэнэ” гэж үзжээ. Э.Болорхажид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ