WSJ: БНАСАУ өнгөрсөн онд Ким Жон Унд зориулж хоёр мерседес худалдан авчээ 

img

БНАСАУ-ын эрх баригчид

өнгөрсөн онд удирдагч Ким Жон Ундаа зориулан хоёр хуягт Мерседес автомашиныг хоригийг үл хамааран нутагтаа авчирсан бөгөөд нэгийг нь Оросын нутаг дэвсгэрээр дамжуулан зөөсөн гэж Америкийн The Wall Street Journal мэдээлжээ. 


Эх сурвалжийн мэдээлэлд Вашингтоны “Батлан хамгаалахын судалгааны төв” байгууллагын үнэлгээг дурдсан бөгөөд энэ байгууллагын судлаачид БНАСАУ руу сүүлийн жилүүдэд 800 гаруй тансаг зэрэглэлийн машин зөөвөрлөсөн гэсэн мэдээлэл авсан гэнэ. Тэдгээрийн дунд тус бүр нь 500 мянган ам.доллараас дээш өртөгтэй, Германы Daimler Mersedes  компанийн хоёр машин багтаж байгаа аж. Судлаачдын таамагласнаар, эдгээр машиныг Ким Жон Унд зориулан авсан байх магадлалтай гэнэ. 


Хоёр автомашиныг Нидерландаас БНАСАУ руу 2018 оны зургаагаас 10 дугаар сарын хооронд тээвэрлэсэн гэж судалгааны төв мэдээлсэн байна. Эхлээд эдгээр машиныг Нидерландаас Хятад руу, дараа нь Япон, Өмнөд Солонгос мөн Орос руу тээвэрлэжээ. Улмаар ОХУ-аас БНАСАУ-ын Air Koryo үндэсний агаарын тээврийн компанийн онгоцоор Пхеньянд хүргэсэн гэж таамаглажээ. 


Хэдийгээр Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ үйлчилж байгаа ч гэсэн энэ улсын эрх баригчид гадаадын алдартай үйлдвэрлэгчдээс хувцас, гоо сайхны хэрэгсэл, техникийг тогтмол хүлээн авдаг гэж судалгааны байгууллага онцолсон байна. БНАСАУ энэ байдлаар 90 орноос төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн авдаг, үүнд нь Хойд Солонгосын дипломатууд тусладаг гэж судлаачид таамаглаж байгаа аж. 


Нийтлэлд онцолсноор, Mercedes-Maybach S600 Pullman Guard машинаар Хойд Солонгосын тэргүүнд үйлчилж байгаа анхны тохиолдол энэ оны нэгдүгээр сард  ажиглагдсан гэнэ. 


Энд өгүүлэхэд, Ким Жон Ун энэ оны дөрөвдүгээр сард Оросын Владивосток хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэрээ Хойд Солонгосоос авчирсан, дээр дурьдсан Mercedes-Maybach S600 Pullman Guard машинаар зорчиж байсан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан.

 

Учир нь БНАСАУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ үйлчилж байгаа энэ үед тус улс энэ төрлийн дээд зэрэглэлийн машин албан ёсоор худалдан авах ямар ч боломжгүй юм. Ийнхүү Орост Мерседес хөлөглөж явсны дараа “Хойд Солонгос энэ машиныг хэрхэн авав?” гэсэн асуулт хэвлэлийнхнйи анхаарлын төвд байлаа. Энэ талаар Ассошейтед Пресс агентлаг Даймлер компаниас лавлахад тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Сильке Мокер Хойд Солонгост Maybach S600 Pullman Guard яаж очсныг компани огт мэдэхгүй, энэ улсын эсрэг тавьсан хориг арга хэмжээг баримтлан өөрсдийн үйлдвэрлэсэн машиныг нийлүүлэхгүй байгаа  хэмээн тайлбарлаж байв. 


“Манай компани Хойд Солонгостой 15 жил гаруй хугацаанд ажил хэргийн холбоогүй байгаа бөгөөд энэ улсын эсрэг тавьсан Европ болон Америкийн хориг арга хэмжээг хатуу мөрдөж байгаа. Хойд Солонгос руу  болон энэ улсын аливаа элчин сайдын яаманд автомашин нийлүүлэхээс сэргийлэхийн тулд Даймлер экспортын худалдааны цогц хяналт тавьсан. Гэвч өөр хүмүүсийн худалдан авсан машин бидний хяналт болон хариуцлагын хүрээнээс ангид байгаа юм” гэж Ассошейтед Пресс агентлагт илгээсэн мэдэгдэлдээ олонцолсон байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
энэ дарангуйлчаасаа салаач.
2019-07-17