Д.Эрдэнэбат: Улс төрийн популизмыг Үндсэн хуульд хийж хэрэггүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөвшилцөх ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцлээ. Ажлын хэсэг байгуулах тухай Тогтоолын төсөлд Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэгдэж байгаа гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийн даргаар Ерөнхийлөгч Х.Баттулга, орлогч даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт тус тус ажиллах аж. Мөн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат,,Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, С.Эрдэнэ, Л.Болд нар багтжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:
-Улс төрийн популизмыг Үндсэн хуульд хийж хэрэггүй. Бид эсэргүүцэхийн тулд эсэргүүцээгүй. Өмнөхөөсөө дордох вий гэсэн болгоомжлол байсан учир бид нэгдүгээр хэлэлцүүлэгт оролцоогүй. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж оролцож байна. Цөөнхийн дуу хоолойг илэрхийлэхийн тулд Ерөнхийлөгчтэй хамтарч хэлэлцүүлэгт орж байна. Бид үгээ хэлнэ. Нийт ард иргэдийн тодорхой хувийг төлөөлж байгаагийн хувьд бид дуу хоолойгоо хүргэнэ. АН саналаа өгөөгүй байгаа. Наймдугаар сарын 09-ний дотор бид саналаа өгнө. Сонгодог парламентын гол тулгуур зарчимыг бий болгох хэрэгтэй. Ирээдүйн парламентын төлөө АН ажиллах ёстой. Үндсэн хуульд сонгуулийн хэлбэр, эдийн засгийн тогтолцоо, нутгийн өөрөө удирдах ёс гэсэн гурван зүйлд тулгуурлах ёстой. Ерөнхийлөгчийн зөвшилцлийн ажлын хэсэгт бид оролцоно.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
-Зөвшилцлийн ажлын хэсэгт эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулаагүй байна. Туршлагатай, эмэгтэй парламентч гишүүнийг оруулах хэрэгтэй. Монгол Улсын айл өрхийн хоёр баганын нэг нь эмэгтэй хүн байж оршин тогтнодог. Яагаад эмэгтэйчүүдийн төлөөллийг зөвшилцлийн ажлын хэсэгт оруулаагүй вэ?
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгч Х.Баттулга ахална. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг нэгтгэх хэрэгтэй. Хууль санаачлагачид хоорондоо ойлголцсон юм билээ. Өмнө нь ч ийм жишиг байсан байна. Эмэгтэй, эрэгтэй төлөөлөл гэхээсээ илүү суббъектийн төлөөллийг оруулах зарчим барьсан.
Ингээд байнгын хорооны саналаар Ажлын хэсэг байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав. Гишүүдийн 79.2 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ