Х.Баттулга: Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг ҮАБЗ-өөр хэлэлцүүлнэ
Ерөнхий сайд Засгийн бүтцээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө
11:10 цаг:
УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн танилцуулгыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Засгийн газрын гишүүний 4/1 нь УИХ-ын гишүүн байж болно гэж төсөлд тусгасан байгаа. Учир нь бодлогын нэгдмэл байдлыг хангах зорилготой. П.Жасрайн Засгийн газрын гишүүний 4 нь УИХ-ын гишүүн байсан. Энэ Засгийн газар бүрэн эрхийн хугацаандаа тогтвортой ажилласан юм.
Ерөнхий сайдад УИХ-д олонхи суудал авсан, аль ч олонхи суудал аваагүй бол олон суудал авсан нам зөвшилцөж, нэр дэвшүүлж, УИХ-д оруулна төсөлд тусгасан. Өмнө нь Ерөнхийлөгчтэй заавал зөвшилцдөг байсан. Ерөнхийлөгчийн таалалд нийцэхгүй бол буцаадаг байсан. Да.Ганболдыг 7 удаа буцаасан түүхтэй. Тийм учраас 2000 оны өөрчлөлтөөр зассан. Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн хүнийг УИХ-д мэдүүлэх үүрэг болгохоор зааж байна.
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Харин сайд нарын нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхгүй гэсэн заалт оруулж байгаа гэлээ.
Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах Ерөнхийлөгчийн саналыг АН дэмжиж байгаа
10:55 цаг:
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Зөвшилцлийн ажлын хэсгээс Төрийн ордонд хэлэлцүүлэг хийж байна. Өнөөдөр Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах чиглэлээр хэлэлцүүлэг хийж байгаа юм. УИХ дахь АН-ын зөвлөлийн байр суурийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцууллаа. АН-ын дарга С.Эрдэнэ гадаадад, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат дотоодод томилолттой яваа юм байна. УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг ямар хуулиар хэлэлцэх нь тодорхойгүй байсан учир АН-ын зөвлөл хэлэлцүүлэгт ороогүй. Мөн Д.Лүндээжанцан нарын өргөн барьсан төсөл Ерөнхийлөгчийн саналыг аваагүй байсан. Түүнчлэн энэ УИХ дангаараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёсзүйн үндэслэлгүй гэж үзэж байсан. Харин өнөөдөр нөхцөл байдал өөр болж байна. Ерөнхийлөгч саналаа өргөн барьсан байгаа. АН-ын зөвлөл "давхар дээл"-ийн асуудлаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлтэй гэж байгаа.
Мөн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд заасан сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг АН дэмжиж байгаа гэлээ.
Ард түмнээс мандант аваагүй хүн Ерөнхий сайдаар сонгогдохгүй
10:20 цаг:
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Зөвшилцлийн ажлын хэсгээс Төрийн ордонд хэлэлцүүлэг хийж байна. Өнөөдөр Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах чиглэлээр хэлэлцүүлэг хийж байгаа юм. Зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагч, Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэллээ.
УИХ-ын бүрэн эрхийн хугацаа таван жил байна. Ерөнхий сайдад ямар нэг шаардлага тавиагүй. Ерөнхий сайд заавал УИХ-ын гишүүн, бусад нь УИХ-ын гишүүн байж болохгүй. Засгийн газар УИХ-д мөрийн хөтөлбөрөө танилцуулахаас өмнө Тогтвортой хөгжлийн зөвлөлөөр шийдвэрлэнэ. Энэ нь ҮАБЗ. Засгийн газрын мөрийн хөтөлбөр үндэсний аюулгүй байдалд нийцэж байгаа эсэхийг ҮАБЗ шийдвэрлэнэ. Учир нь гүйцэтгэх засаглалыг хянаагүйгээс төрийн хар хайрцагны бодлого алдагдсан. Тухайлбал, Засгийн газар Тавантолгойн ордыг гадныханд 100 жилээр эзэмшүүлэх гэж байсан. Оюутолгойн гэрээ, Эрдэнэтийн асуудлаар жишээлж болно гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцолсон.
Дараагаар нь хэлэлцүүлгийн дарааллыг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт танилцуулав.
Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг С.Бямбацогт, Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг ЕТГ-ын дарга З.Энхболд тус тус танилцуулах юм байна.
Хэлэлцүүлэгт улс төрийн нам, төрийн албаны зөвлөл, иргэдийн нийт 150 орчим төлөөлөл оролцож байгаа аж.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ