"Ард түмний зарц" нам Парламентын олонхи болж магадгүй

Өнгөрсөн амралтын өдөр болсон Украины Парламентын сонгуулиар тус улсын Ерөнхийлөгчийн “Ард түмний зарц” нам олонхийн суудал авах магадлалтай болсон талаар ТАСС агентлаг мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Украины Сонгуулийн төв хороо саналын хуудасны 30 хувийг тоолсны дараагаар “Ард түмний зарц” нам 42,12% санал авсан нь тодорхой болжээ.
Намын жагсаалтаар намууд 225 мандат авах бол 199 гишүүн нэг мандаттай тойргуудаас сонгогдох юм. Сонгуулийн хороо саналын хуудасны 20 хувийг тоолоход “Ард түмний зарц” нам 118 тойрогт ялалт байгуулсан байна.
Ингэснээр урьдчилсан мэдээллээр, тус нам 240-245 мандат авч магадгүй байгаа бөгөөд Украины Парлаентад эрх баригч эвсэл байгуулахад 226 суудал л хангалттай юм.
Гэхдээ Үндсэн хуулийн олонхи /гишүүдийн гуравны хоёр/ болохын тулд Зеленскийн намд холбоотнууд шаардлагатай болно. Харин парламентын сонгуульд өрсөлдсөн бусад намуудын тухайд “Сөрөг хүчний тавцан-Амьдралын төлөө” нам 42-44 мандат, “Европын эв нэгдэл” -28, “Батькивщина” 23-25, “Дуу хоолой”-21 мандат авах магадлалтай байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ