ТАВАНТОЛГОЙГ ТОЙРСОН УЛСТӨРЧДИЙН ХУДАЛ, ҮНЭН ЯРИАНУУД...

img

Улстөрчдийн үгэнд итгэхэд хэцүү. Тэд амаараа юуг ч бүтээж бас үгүйсгэж чадна. 18 удаагийн хэлэлцээрийн үр дүнд Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулах консорциумуудыг шалгарууллаа гэж хэн хэлсэн. Хэвлэлийнхэн зохиогоогүй. Улстөрчид л хэлсэн. Бүр тодруулбал тус ордыг эргэлтэд оруулах чиглэлээр ажиллаж байгаа Засгийн газрын ажлын хэсгийн гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нарын нөхдүүд л хэлсэн. Долдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцсэний дараа төслийг эцсийн байдлаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа гэж Засгийн газраас мэдээлсэн. Оролцогч талууд хувь хэмжээ гээд бүх нөхцөлөөр тохиролцсон. Урагшаа болон зүүн тийшээ явах төмөр замын асуудлаар талууд нааштай тохиролцоонд хүрсэн нь манай улсын хувьд ашигтай гэж. Мөн 300х2-ын буюу 600 мегаваттын цахилгаан станц барихаар болсон. Манай талаас тууштай тавьж байсан нүүрснээс шингэн түлш гаргах, кокс үйлдвэрлэх зэрэг нэмүү өртөг бий болгодог үйлдвэрүүдийг барихаар эцэслэн тохиролцсон гэж. Монголын тал өөрийн байр суурин дээр хатуу зогсож чадсанаар хөрөнгө оруулагчид манайд 500 сая ам.долларыг буцалтгүйгээр шууд олгож, дахин нэмж 500 сая ам.долларыг урьдчилгаа болгон өгөхөөр болсон. Монгол Улсад төлөх бүх татвар, хураамжаас гадна “Эрдэнэс Тавантолгой” компанид тээврийн зардлыг хассан борлуулалтын орлогоос 5 хувьтай тэнцэх төлбөрийг мөн өгөхөөр тохиролцсон гэхчлэн судалгаатай, судалгаагүй олон зүйлийг улстөрчид өөрсдөө л хэлсэн. Цанхийн баруун хэсгийг түшиглэн байгуулах компанийн 40 хувийг БНХАУ-ын Шинхуа групп, 24 хувийг АНУ-ын Пибоди энержи, үлдэх 36 хувийг Орос-Монголын хамтарсан консорциум хамтран эзэмшихээр болсон гэж ерөөс шалгаруулалтад ороогүй Монголын компанийг цаасан дээр байгуулсан мэт зүйлийг улстөрчид л өөрсдөө хэлсэн. Засгийн газрын гишүүд нь ч бусдыгаа онцсайн ажилласан гэж дүгнэсэн юм шүү. Тэгээд асуудлыг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд оруулж, улмаар хаврын чуулган завсарлахаас өмнө Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн барина гэж тэд л мэдээлэл гаргасан. Гэсэн ч амжаагүй учраас, алжаалаа тайлж, амархаар хөдөө, гадаа хүлгийн жолоо залсан гишүүдээ эргүүлэн дуудаж, ээлжит бус чуулган хуралдуулж Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцэж магад хэмээх яриа мөн л спикерийн зүгээс нисч, хэвлэлийнхэн рүү ирсэн. Тэгвэл улстөрчдийн эдгээр яриа утгаа алдчихаад байна. УИХ дахь намын бүлгүүд хөдөө, гадаа томилолтоор болон тойргоо эргэж яваа гишүүдээ энэ сарын 15-нд цуглар гэсэн чиглэлийг өгсөн талаар улмаар ээлжит бус чуулган хуралдаж мэдэхээр байна гэсэн мэдээлэл наймдугаар сарын 3-ны өдөр ирж байсан. Тэгвэл лав энэ наймдугаар сард ээлжит бус чуулган хуралдахгүй нь гэсэн мэдээлэл өнөөдөр буюу 12-ны өдөр хэвлэлийнхэнд байна. Унжирч сунжирсан худлаа мэдээллийг өгдөг улстөрчид наймдугаар сардаа амраад таарна. Ерөнхийдөө ирэх сонгуулийг угтаад тойрогтоо хайраа зарлаад, хэрэг зоригоо бүтээх гэж явсаар байтал Тавантолгойн асуудал угтаад байж байх нь тодорхой байна. Гол нь гишүүд хөдөө гадаанаас ирсэн ч Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл гэдэг юм нь өөрөө хаана байгаа юм бэ. Тэр стратегийн хөрөнгө оруулагчийн тендер нь дуусаагүй гэдгийг ТӨХ-ын дарга хэлчихлээ. Тийм байхад ямар гэрээний төслийг 76 батлах юм бэ. Эсвэл тендерийг будлиантуулдаг, задалдаг туршлагаа Тавантолгой дээр хэрэгжүүлчихэв үү. Монголын Хөрөнгийн Биржийн менежментийн эрхийн төлөөх тендерт Америк, Солонгосчууд туначихаад байхад түлхэж, хойшлуулаад Лондонг аваад л ирсэн саяхны жишээ байж л байна. Тэрчлэн Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай эцсийн байдлаар тохиролцлоо гэх мэдээлэл, мөн Засгийн газрын гишүүдийн шалгуурыг даваад байсан хөрөнгө оруулалтын гэрээний төсөл гэдэг юмны аливаа хувилбар цаасан дээр бий юм бол тэгээд хаачив. Эсвэл Тавантолгойн тендерт хасагдсандаа бөөн гомдол дагуулж, Ерөнхий сайд нь манай Ерөнхий сайдад захидал сэлтийг илгээгээд байгаа Япон болон шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг атгахыг хүсээд байгаа Солонгосчуудын гомдол эцсийн шалгаруулалтыг эцсийн бус шалгаруулалт болгоод хувиргачихав уу гэдэг асуулт гарах юм. Ажлын хэсэг анхнаасаа тодорхойгүй мэдээллийг өгсөн. Дээр өгүүлсэн хувь хэмжээнээс харахад хаана нь Япон, Солонгос нь багтаж шингэсэн нь үнэхээр эргэлзээтэй. Тэрийг нь тодорхой болгоод хэлчих эрхэм үнэндээ олдохгүй байв. Мэдэхгүй болоод ч тэр үү, мэдэлгүй болоод ч тэр үү хаалттай байсаар өнөөдрийг хүрсэн. Гэтэл Солонгост Монголыг төлөөлж суугаа Элчин сайд эрхэм харин Тавантолгойн тендерийн шалгаруулалтад тунасан оролцогчид дунд Солонгосын талыг байгаа л гэж ойлгож байна гэсэн мэдээллийг өгсөн юм. Эндэх нөхдүүдийн хэлэхгүй байгаа мэдээг тэнд байгаа нөхөр өгч л суудаг, нэг тиймэрхүү дүр зурагтай байгаа юм. Харин сүүлийн үед чамгүй хэл аманд орооцолдоод байгаа Д.Сугар дарга овоохон юм ярьчихаад байна. Тэрбээр Баруун Цанхи дээр стратегийн хөрөнгө оруулагч консорциумыг шалгаруулах ажил албан ёсоор дуусаагүй байна гэлээ. Тэгэхээр ТӨХ-ны даргын хувиар түүний хэлсэн үгэнд итгээд үзье. Тендерээс Япон, Солонгосчуудыг яагаад хассан тухайд тэр харин сонирхолтой зүйлийг хэлж байх юм. Тендерт тунаж үлдсэн консорциумуудад “Та бүхэн шалгуурт тэнцэж байнаа” гэсэн агуулга бүхий урилгыг илгээхдээ, зохион байгуулж байсан хүмүүс нь АНУ-ын “Пибоди”, Хятадын “Шинхуа”, Оросын “Оросын төмөр зам”-ыг л онцлоод явуулчихаж. Нөгөө хамтарч орж ирж шалгуулсан Солонгос, Японы компаниудыг санаатай ч юм уу, санаандгүй ч юм уу, алгасчихсан гэнэ. Тэгээд л урилга аваагүй Япон, Солонгосчууд гоморхлоо олон улс даяар л цацаад яваа юм байх. Тэгэхээр стратегийн ордоо эргэлтэд оруулах гэж байгаа манай албаны нөхдүүд ийм эрээвэр хураавар зүйл хийж, ярьж болох уу даа. Гэхдээ Д.Сугар дарга олон талаас асуудлыг ярьж байна. Тэрбээр Япон, Солонгосын компаниудтай цаашид хамтран ажиллах шаардлагатайг үгүйсгэсэнгүй. Тэднийг шалгаруулалтаас хасах үндэслэл байхгүйг хэлсэн ч Япон, Солонгосчууд хэлж яриад, амлаад байдаг шигээ өндөр технологи аваад ирэхийг нь хүлээгээд бүтээгүй гэв. Тэгэхдээ тэднийг оруулсан хэвээрээ шалгаруулалтанд цэг тавигдах юм байна гэж ойлгогдохоор зүйлийг тэр хэлж байна. Ойлгомжгүй байсан бас нэг зүйл болох Оростой 36 хувийг хуваан эзэмших Монголын компани гэдэг нь УИХ-ын тогтоолд нийцсэн зүйл гэж байна. Тэгэхээр Тавантолгой ордыг тэрдундаа Баруун цанхийг тойрсон худал үнэн ярианууд иймэрхүү байдалтай л байна. Аравдугаар сард цэгцлэгдэнэ гэж байгаа ч, хэзээ дэнслэгдэх нь бэрх. Э.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ