Кадыровын хамгаалалтын албаны даргаар 6 настай хүүг томилжээ

Бүгд Найрамдах Чечень улсын тэргүүний хамгаалалтын албаны даргаар зургаан настай хүүг томилжээ.
Түүнийг Магомед-Эми Газиев гэх бөгөөд тэрбээр өөрийнхөө хүндэлж, хайрладаг Рамзан Кадыровыг хамгаалахын тулд төрийн тэргүүний хамгаалалтын албанд оруулахыг аав ээжээсээ хичээнгүйлэн гуйсан гэнэ. Ийнхүү хамгаалалтын албанд оруулж өгөхийг гуйж байгааг харуулсан дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр хурдацтай тархан, Чечений тэргүүний анхааралд орсон байна.
Бичлэгийг үзээд сэтгэл нь хөдөлсөн Кадыров бяцхан эх орончийг урин уулзаж, хамгаалалтын албаны даргын албан тушаалд томилжээ. Гэхдээ энэ албан тушаалд очсноор хүү ажиллана гэсэн үг биш, гагцхүү хүүгийн хүсэлтийг биелүүлсэн, билэг тэмдгийн чанартай томилгоо аж.
Хүүтэй уулзсныхаа дараа Кадыров олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа “Тэр намайг хамгаалж, ямар ч дайралтыг сөрөхөд бэлэн! Тэр миний амгалан тайван байдлыг хамгаалж, жинхэнэ хамгаалагч, дайчин болохыг маш их хүссэн. Би өнөөдөр хүүг урьж уулзан, даргын албан тушаалд томиллоо. Магомед-Эмид энэхүү чухал, хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэе! Түүнийг хүчирхэг том эр, жинхэнэ эх оронч, эх орноо хамгаалагч болон өсөхийг хүсэн ерөөе! ” хэмээн бичжээ.
Уулзалтын дараа Оросын баатар Ахмат-Хаджи Кадыровын нэрэмжит бүс нутгийн нийгмийн сан шинэ “дарга”-ыг шаардлагатай бүхий л зүйлээр хангасан байна. Зургаан настай хүүд Грозный хотын хүүхдийн дэлгүүрээс дүрэмт хувцас, тоглоомон буу, машин авч өгчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ