Пепси байгальд ээлтэй савлагааг сонгоно 
2019-07-30

Пепси ундаа үйлдвэрлэгч  PepsiCo компани сэргээгдэх нөөц ашиглан бараа үйлдвэрлэх циркуляр эдийн засагт шилжих төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Үүнтэй холбоотойгоор LIFEWTR брэндийн усыг хуванцар савтайгаар үйлдвэрлэхээ зогсооно гэж мэдэгдлээ. 


Энэ усыг дахин боловсруулагддаг полиэтилентерефталат rPet  саванд савлах бол Aquafina брэндийн бүтээгдэхүүнийг тун удахгүй хөнгөн цагаан савтайгаар үйлдвэрлэхээр болсон байна. Түүнчлэн энэ савны загварыг танилцуулсан бөгөөд үүн дээр “Дахин боловсруулалтад өгнө үү” гэж бичжээ. 


Компанийн мэдээлснээр, 2020 оны эхээр шинэчлэлтүүдийг хийх гэнэ. Ингэснээр анхдагч хуванцарын хаягдал  8000 тонноор, хүлэмжийн хий 11000 тонноор буурна гэж тооцоолжээ. 


PepsiCo компани 2025 он гэхэд бүтээгдэхүүнийхээ бүх сав баглааг дахин боловсруулахад тохиромжтой, био задралтай байхаар, харин сав баглаа үйлдвэрлэх материалын дөрөвний нэгийг хоёрдогч түүхий эдээр үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа гэнэ. 


“Хуванцар хаягдлуудыг шийдэх асуудал нь миний амьдралын тэргүүлэх зорилгуудын нэг. Пепси компани хуванцар үйлдвэрлэх, ашиглах, устгах тал дээр нийгмийн чиг хандлагийг өөрчлөхөд томохон үүрэг гүйцэтгэж чадна. Хуванцар саны тоог бууруулж, түүнийг дахин боловсруулахын тулд бид зүтгэл гарган, шинэ төрлийн сав баглаа боодлыг зохион бүтээнэ. Бүх хуванцар дахин боловсруулагддаг, ашиглагддаг болох хүртэл бид энэ ажиллагаагаа зогсоохгүй” хэмээн PepsiCo компанийн гүйцэтгэх захирал Рамон Лагарта мэдэгджээ. 


Энд дуулгахад, зөвхөн Пепси компани төдийгүй дэлхийн томоохон үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн “толгойны өвчин” болсон хуванцарын хаягдлыг бууруулахад ихээхэн анхаарах болсон юм. Тухайлбал, ус ундааны өөр нэгэн томоохон үйлдвэрлэгч болох Coca-Cola HBC комдани өнгөрсөн сарын дундуур Valser брэндийн эрдэст усыг дахин боловсруулагддаг хуванцараар хийсэн савлагаатайгаар үйлдвэрлэж эхлэсэн. Ингэснээр тус компани 100% дахин боловсруулагддаг хуванцар савлагаатай ус гаргасан Швейцарын анхны брэнд болсон юм. 


Гэхдээ энэ нь Coca Cola HBC компани rPet савлагаа ашигласан анхны брэнд биш. Үүнээс өмнө тус компани Ирландын салбар компаниас гаргадаг Deep RiverRock болон Австрийн Römerquelle ундаануудыг энэ савлагаатайгаар гаргаж байв. 


Дашрамд өгүүлэхэд, байгальд задардаггүй, хүрээлэн буй орчинд ихээхэн хор хөнөөл учруулдаг хуванцарын хаягдал дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод байгаа юм. 2018 оны байдлаар дэлхий даяар жилд 380 сая тонн хуванцар үйлдвэрлэгддэг бөгөөд 1950 оноос 2018 он хүртэл дэлхий даяар 6,3 тэрбум тонн хуванцар үйлдвэрлэгдсэн байна. Эдгээрээс ердөө 9 хувийг дахин боловсруулсан бол 12%-ийг шатаажээ. Улмаар асар их хуванцарын хаягдал байгальд хаягдаж тэнгис далайн шувуудын 90 % нь хуванцар залгисан байдаг гэж судлаачид үздэг юм. 

 

Г.Бямбасүрэн


 

Shuud.mn
Сонин хачин