
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. 1998 оны хуучин хуулиар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө нээлттэй байгаа хэдий ч тэрхүү эрхээ эдлэх нөхцөл, журам нь хэт ерөнхий, тунхагийн шинжтэй, түүний улмаас хууль зүйн зөв практик тогтохгүй байгаа зэрэг нь мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй энэ нийгмийн харилцааг бүрэн зохицуулах боломжгүй байна хэмээн тэрээр хэлж байсан. Тэгээд хэвлэл мэдээллийн тоо өссөн, мөн тэдгээр нь шударга өрсөлдөх, иргэдэд үнэн зөв мэдээлэл түгээх зэрэг харилцааг зохицуулах эрх зүйн орчин хангалтгүй байгаа нь энэ хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээг бий болгосон гэж хууль санаачлагчид хэлж байлаа.
Ингээд хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, 12-р зүйл дээр Хэвлэл мэдээллийн зөвлөлийг яагаад Монгол Улсын Ерөнхийлөгч мэдэж томилохоор тусгасныг тодруулсан. Тэрээр энэ нь олон улсын хэм хэмжээнд байдаг зүйлтэй зөрчилдөж байгаа гэдгийг ч сануулсан юм. Мөн “долдугаар сарын нэгний” хэрэг явдлын үеэр ганцхан МҮОНТ-ээс бусад хэвлэл мэдээллийн дамжуулах эрхийг хориглосон нь УИХ-ын бүрэн эрх, мэдлийн асуудал байтал өөр байдлаар шийдвэр гарсан байдаг. Тэгвэл энэ талаар хуулийн төсөлд хэрхэн туссан бэ гэдгийг эрхэм гишүүн асуусан. Түүнийхээр бол, уг хуулийн төслийн зарим заалтууд зэрэг нь маш ерөнхий, ямар ч байдлаар хэрэглэж болохоор орж ирсэн юм байна. Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл Засгийн газрын оруулж ирсэн хуулийн төслийг буцаая гэсэн саналтай буйгаа хэлж байсан. Түүнээс гадна мөн Су.Батболд, Н.Энхболд нарын гишүүд саналаа хэлж, хуулийн төслийг дэмжиж байсан бөгөөд байнгын хорооны гишүүдийн саналыг хураах үеэр гишүүд уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг дараа нь байнгын хороо хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл нь мөн хэлэлцэх эсэх асуудал байв. Танилцуулгыг Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа хийсэн.
Гишүүн Э.Бат-Үүл, редакци, сэтгүүлчдийг “сүйдэлж” байдаг хүмүүс нь тэдний ард байгаа хөрөнгө оруулагч, эзэд юм гэдгийг дурдаад, тэдэнд ногдуулах торгуулийн мөнгө дэндүү бага байна гэдгийг онцолсон. Д.Одхүү гишүүн ч үүнтэй санал нэг буйгаа илэрхийлсэн.
Су.Батболд гишүүн, уг нь энэ хуулийн төсөл сэтгүүлчдийн гэхээсээ илүүтэй иргэдийн хэвлэн нийтлэх эрхтэй холбоотой асуудал. Тэгэхээр Ерөнхийлөгчийн оруулж ирсэн энэ хуулийн төслийн нэрний асуудлыг анхаарах хэрэгтэйг тэрээр хэлсэн. Мөн тэрээр улс төрчид хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй байх эсэх, нэг хүн, нэг компани хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байх эсэх асуудлаар ч өөрийн байр сууриа хэлж байлаа.
Харин УИХ-ын дэд дарга Н.Энхболд, бид зүгээр л хэвлэн нийтлээд дараа нь хүлээлгэх хариуцлагын талаар л их ярьж байна. Гэтэл цаана нь байгаа иргэдийг үнэн, бодит мэдээллээр хангах тухай асуудлыг бага яриад байна гэж хэлж байсан.
Гишүүн Э.Бат-Үүл, хэвлэл мэдээллийн хэрэгслийг эрхлэн гаргаж буй эздийн нэрийг сонгуулиас өмнө гаргаж, нийтэд мэдээлэх ингэхдээ хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр эсхүл Монголын тогтмол хэвлэл үүссэн өдрөөр нь гаргаж зарлавал жинхэнэ утгаараа сэтгүүлчдийн баяр байж болох юм гэсэн саналтай байлаа.
Су.Батболд гишүүн ч мөн улс төрчид, хөрөнгөлөг хүмүүсийн хэвлэл эзэмших эрхийг хориглох, хэвлэлийн магнатуудыг улс төр болон Парламентад орохыг хориглох зүг рүү л бид явмаар байгаа юм гэж байсан бол Н.Энхболд гишүүн, сэтгүүлч гэж хэн бэ, хувьцаа эзэмшигч гэж хэн бэ гэдгийн зааг ялгааг хуулийн төсөлд сайтар тусгаасай гэдгийг хэлсэн юм.
Гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашигт харшлах зүйлийг нийтэлж нэвтрүүлэхдээ учиртай хандах нь чухлыг тэмдэглэсэн.
Гишүүд хоёр хуулийн төслийг хамтад нь хэлэлцээд явах нь зөв байх гэдэг дээр мөн зарим нь саналаа хэлж байсан. Ингээд Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хороо дэмжлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ