Ухаалаг утас тархины ажиллагааг сааруулдаг

Оюуны хөдөлмөр эрхэлж ядарсан хүмүүс амарч, толгойгоо сэргээхээр ухаалаг утсаа шүүрч авах нь элбэг. Гэхдээ энэ зуршил нь хүч тамир сэргээхэд огт нэмэргүйн дээр тархины үйл ажиллагааны идэвхжлийг бууруулдаг болох нь саяхны судалгаагаар тогтоогдсон талаар Journal of Behavioral Addictions сэтгүүл мэдээллээ.
Тодруулбал, Америкийн Ратгерын их сургуулийн мэргэжилтнүүд 414 оюутныг хамруулсан туршилт хийж, туршилтын үеэр “тархи ажиллуулах” бодлогуудыг тайлах даалгавар өгсөн байна. Зарим оролцогчид даалгаврыг нэг ч завсарлагагүйгээр гүйцэтгэх бол нөгөө хэсэг нь даалгаврын талыг хийгээд, өөр зүйл хийн завсарлага авч дараа нь үргэлжлүүлэх ёстой байжээ.
Туршилтын дүнгээс харахад чөлөөт цагаараа ухаалаг гар утсаа харан өнгөрүүлж буй оюутнууд ямар ч завсарлага аваагүй оюутнуудаас үр дүнгийн хувьд багахан илүү байсан бол өөр байдлаар завсарлага авч амарсан оюутнуудын тархины ажиллагаа хурдан сэргэж, үр дүн нь сайжирсан гэнэ.
Гар утас ашигласан оролцогчид бусад оролцогчдоос 19 хувь илүү цагийг даалгавар гүйцэтгэхэд зарцуулсан бол даалгаврын гүйцэтгэл нь 22 хувиар доогуур байсан гэнэ.
Хэдийгээр зарчмын хувьд гар утсаа ашиглах нь бусад амралтын төрлүүдээс нэг их ялгагдахгүй ч энэ төрлийн амралт үр ашгаа өгдөггүйг хэд хэдэн хувилбараар тайлбарлаж болно гэж эрдэмтэд мэдэгдсэн байна. Нэг талаас, гар утсандаа ирсэн мэдээллийг шалгаж, их хэмжээний мэдээлэл авснаар хүн энгийн байдлаар ажилласантай адилхан ядардаг гэнэ. Нөгөө талаас ухаалаг гар утас руу хүмүүс хэт их анхаардаг тул үүнийхээ дараа үндсэн зорилтдоо төвлөрч чадахгүйн улмаас ажил гүйцэтгэхэд удаан, мөн үр дүн нь хангалтгүй байдаг гэж эрдэмтэд үзжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ