Э.Бөхбат: Нийслэлийн хэмжээнд 104 автозам эвдрэлтэй байна

img

Олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн автозамуудад эвдрэл гэмтэл үүсээд байна. Энэ талаар ТЦА-ны УСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Нийслэлийн хэмжээнд орсон борооны улмаас олон автозамууд эвдэрч гэмтсэн. Нийт хичнээн автозам эвдрэлтэй байна вэ?

 

-Энэ зун усархаг бороо, хур их орсны улмаас одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 104 автозам их бага хэмжээний эвдрэл гэмтэлтэй байна.

 

-Замын эвдрэл хөдөлгөөний удаашрал үүсгэх болсон гэдгийг жолоочид хэлж байна. Энэ тал дээр ТЦА-наас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

 

-Замын эвдрэл гэмтэл нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчимд шууд нөлөөлдөг бөгөөд эвдрэл гэмтлийг туулж өнгөрөх, тойрч гарах үед автомашины хурд удаашрах, эсрэг урсгал руу орох, тухайн нүх, эвдрэл гэмтлийг тойрч гарахын тулд нэг эгнээгээр зорчих гэх мэт нөхцөл байдлууд үүсдэгээс замын зохиомол түгжрэл, саатал бий болдог. Мөн дээрх үйлдлийг хийх үедээ жолооч нар маань мөргөлдөх, шүргэлцэх хэлбэрээр зам тээврийн осол хэрэгт холбогдох тохиолдлууд гарч байна. Зөвхөн жолооч нар гэлтгүй явган зорчигч нарт хүртэл замын хөдөлгөөнд оролцоход маш их хүндрэл бий болж байна.

 

-Замын эвдрэлээс шалтгаалан зам тээврийн осол нэмэгдэх хандлага байна уу?

 

-Зам тээврийн осолд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд маш олон байдгийн нэг нь замын эвдрэл гэмтэл үүнээс гадна тээврийн хэрэгслийн тоо, тэмдэг,  тэмдэглэгээ, жолооч нарын сахилга хариуцлага, насжилт өндөртэй тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл гээд маш олон төрлийн хүчин зүйлсээс болоод зам ачааллаа даахгүй, тэрэн дээрээс нь нэмээд үер усны аюул гээд механик түгжрэл саатуул их гарч байна. 

 

Замын эвдрэл  гэмтлийг тойрч гарах, туулж өнгөрөх гэж байгаад зам тээврийн осол гарсан тохиолдлууд ихээр гарч шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Дээрх нөхцөлөөс болж зам тээврийн осол гаргасан жолооч хариуцлагаас мултарна гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл замын хөдөлгөөний дүрэмд дараалал тогтоож өгсөн байдаг нүх сүв, эвдрэл гэмтлийг тойрч гарах гээд замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд  давуу эрх бүхий жолоочийг хөдөлгөөнд саад хийж осол гаргасан жолоочид хариуцлага зайлшгүй яригдаж таарна. Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, замын эвдрэл гэмтэл, нүхнээс болоод осол гарчихсан байхын бол уг замыг засч янзлах үүрэгтэй байгууллагад хариуцлага тооцно.

 

 

-Тээврийн цагдаагийн албанаас замын эвдрэлийн тал дээр ямар арга хэмжээ авч ажилладаг вэ? Замын эвдрэлийг ямар байгууллага хариуцдаг вэ? 

 

-Тээврийн цагдаагийн алба нь Нийслэлийн автозамын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газарт одоогийн байдлаар 4-5 удаагийн албан мэдэгдэл, шаардлага хүргүүлээд байна. Эдгээр байгууллагууд нь зам засварын ажлуудыг нэн даруй хийж гүйцэх ёстой. Хэрвээ мэдэгдэл шаардлага хүргүүлээд байхад зам засварын ажлыг хийхгүй байж байгаад уг нүх, эвдрэлээс нь болоод зам тээврийн осол гарсан тохиолдолд уг байгууллагад хариуцлага тооцдог. Эдгээр байгууллага нь хариуцлага тооцуулахгүй байх ганц арга нь яаралтай зам засварын ажлыг хийж хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах юм.

 

Хэрвээ дээрх үүргээ биелүүлээгүй аж ахуй нэгж албан байгууллага, албан тушаалтан байх юм бол Зөрчлийн тухай хуулийн 14.5.5-д аж ахуйн нэгж, байгууллагаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг.

 

-Зам засварын ажилтай холбогдуулан аль замыг хаагаад байна вэ?

 

-Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Цагдаагийн гудамж буюу 100 айлын авто замын зорчих хэсгийг хааж зам засварын ажил хийгдэж байна.

 

-Жолооч нарт зөвлөмж хүргэвэл?

 

-Нийт жолооч нартаа замын хөдөлгөөний дүрмээ чандлан биелүүлж, хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, шөнө оройн цагаар гадна гэрэл гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хол ойрын гэрлийг шилжүүлж хөдөлгөөнд оролцох, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, зөв тээвэрлэх, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан орон нутгаас нийслэлийг чиглэсэн, томоохон худалдааны төвүүдийг зорих автомашинуудын тоо ихээхэн нэмэгдэж байгаа тул хөдөлгөөнд оролцож байгаа иргэд жолооч та бүхэн сонор сэрэмжтэй, замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. Мөн 10 хүртэл насны хүүхдийг замын хөдөлгөөнд бие даан оролцуулахгүй байхыг  нийт эцэг эхчүүдээ анхааруулж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

!!!:
Awto zamiin Gazriin darga Bud Hotiin zamiin gazriin Indra, Zam teewriin said Amarsaihan nar ajlaa hii hiihgui bol Orgodloo OG !
2019-08-24
DUREM YARIHAASAA UMNU ZAMAA ZAS,DARAA NI TORGO ERH HAS.
2019-08-23