Путины анхаарлыг татахаар түүний цээж баримлыг босгожээ

Есдүгээр сарын хоёрны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Эрхүү мужид ажиллаж байгаа. Энэ үеэр Эрхүү мужийн оршин суугчид орон нутгийн асуудалд Владимир Путины анхаарлыг татахын тулд түүний цээж баримлыг босгожээ.
Тус мужийн идэвхитнүүд энэхүү баримлыг босгох санаачилга гарган, Хужир сууринд суурилуулсан байна.
Путины цээж баримал дээр “Үндсэн хуулийн баталгаа”, “Копыловыг чөлөөл” гэсэн бичиг байх бөгөөд Сергей Копылов нь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр баривчлагдсан, Ольхон аймгийн дарга байсан хүн аж.
Эрхүү мужийн идэвхитнүүдийн нэг тус бүс нутаг дахь нөхцөл байдалд анхаарлаа хандуулж, Байгал нуурыг аврахыг Владимир Путинээс хүсчээ.
“Нэг хууль нь нөгөөгөө зөрчиж, прокурорын газар нь шүүхээ удирдаж, хотын дарга нар шийдвэр гаргахаас айдаг энэ нөхцөлд амьдрах арга алга” хэмээн тэрбээр өгүүлсэн байна.
Түүнчлэн, Байгал нуурын эрэг орчмын хүн ам “хуулийн хатуу хавчилганд орсон” бөгөөд Байгалын нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа гэдгээсээ болж ялгаварлан гадуурхалтад өртөж байна гэж идэвхитнүүд өгүүлжээ. Энэ бүс нутгийн оршин суугчид өөрсдийн байшинг бүртгүүлж, эсвэл газраа түрээслэж чаддаггүй, орон байрны нөхцлөө сайжруулж, төрөл төрөгсдөө оршуулах газар ч авч чаддаггүй хэмээн идэвхитнүүдийн гаргасан мэдэгдэлд онцолсон байна.
Мөн “эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан” хэргээр баривчлагдсан Копылов хотын даргын албан тушаалд байхдаа эмнэлэг, цэцэрлэг, спортын цогцолбор, битүү хучилттай зам гээд олон жилээр хүлээсэн чухал объектуудыг барьсан хэмээн өгүүлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ