БНХАУ FedEx шууданг Хонгконг руу хууль бусаар хүйтэн зэвсэг илгээх гэсэнд буруутгав 

img

Дэлхий даяар шуудангийн үйлчилгээ үзүүлдэг Америкийн FedEx  компанийг эмх замбараагүй байдал газар авсан Хонгконг руу хүйтэн зэвсэг хууль бусаар илгээхээр оролдсон гэж Хятадын эрх баригчид сэжиглэж байгаа талаар  South China Morning Post мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр эх газрын Хятад дахь FedEx шуудангийн нэгэн салбарт Хонгконг руу стандарт бус хутганууд бүхий илгээмж бүртгэгдсэн байжээ. 


Энэ төрлийн хутга “аюултай зэвсэг” гэсэн ангилалд багтдаг тул түүнийг БНХАУ-д үйлдвэрлэх, худалдах, худалдан авахад тусгай зөвшөөрөл шаардлагатай байдаг бөгөөд шуудан дээр ирсэн илгээмжийг битүүмжлэн, тусгай мөрдөх ажиллагаа явуулж байгаа гэнэ. 


Харин үүний хариуд FedEx мэдэгдэл хийн, “асуудал дагуулсан илгээмжийг аюулгүй байдлын стандартын дагуу зохих журмаар шалгасан” гэж онцолсны дээр тогтоосон журмыг үл зөрчин, байнгын үйлчлүүлэгч нь илгээхээр өгсөн хэмээжээ. 


Ямартай ч энэ илгээмж эзэндээ хүрээгүйн дээр илгээмжинд ямар төрлийн хичнээн хутга байсан, мөн илгээгч нь хэн байсан талаарх мэдээлэл гараагүй байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ