40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр байгуулахыг дэмжлээ
2019-09-12

 

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Санхүүгийн хамтын ажиллагааны төслийг хэлэлцлээ. Монгол Улс, Австрали улсын Засгийн газар хооронд 2011-2016 оны хооронд Санхүүгийн хамтын ажиллагааны 40 сая еврогийн  төсөл амжилттай хэрэгжжээ. Энэ үндсэн дээр Автралийн техник технологийг нэвтрүүлэх зорилготой дараагийн санхүүгийн хамтын ажиллагааны 40 сая еврогийн төслийн хэлэлцээр байгуулахаар болжээ.

 

Зээлийн хүрээнд Автралийн бараа бүтээгдэхүүнийг авах аж. Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл нь  хүү 0, хугацаа нь 16-25 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил аж.  Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр хоёр жилийн хугацаатай. Хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, хотын усан хангамж, аюулгүй байдал, эрүүл мэнд нийгмийн хамгаалал, бусад нийгмийн дэд бүтцийг санхүүжүүлэх юм байна. 

 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 

 

-Улаанбаатарын хотын агаарын чанарыг сайжруулах асуудалд 160 сая ам.доллар тусгажээ. Энэ хэзээнээс хэрэгжих хөтөлбөр бэ?

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

 

-160 сая ам.доллар төсвийн тэнцэл. Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулагдана. Тодорхой төсөл биш. ОУВС-гийн хөтөлбөртэй холбогдуулан дөрвөн төсөл хэрэгжүүлнэ. Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг ерөнхийдөө баригдаад дуусч байгаа. 

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: 

 

-Дасан зохицох хот гэж юу гэсэн үг вэ? 10 000 айлын орон сууцыг барина гэж ойлголоо зөв үү. Хэзээ, хаана баригдах вэ?

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан: 

 

-Өнөөдөр аюулгүй байдал, агаарын бохирдол зэрэг алхам бүрт эрсдэл байгаа. Тиймээс эрсдэлгүй, орчиндоо нийгмийн төрийн үйлчилгээг авчихдаг, амьдрах таатай орчныг бүрдүүлсэн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж байгаа юм. Энэ төсөл гурван үе шаттай. Баянхошуунд 5.1 га-д Сэлбэ  6.4 га-д баригдах юм. Энэ хүрээнд Азийн хөгжлийн шугамаар дэд бүтэц хөгжүүлсэн. 1143 орон сууц баригдахаас 150 нь халамжийн, 5500 нь ногоон орон сууц, 350 нь зах зээлийн зарчимаар борлогдох юм. Хоёрдугаар үе шатад 40 мянган га газарт 8000 айлын орон сууц баригдана. Дөрөв, тавдугаар үед 50 га газарт 5000 орон сууц барина. 

 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

 

-Түрээсийн орон сууцны зах зээл маш их байна. Иргэд түрээсийн орон сууцыг маш их хүсч байна. Хүний эрхийн дэд хороо гэдэг утгаараа надад их өргөдөл ирж байсан. 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан:

 

-Түрээсийн орон сууцын тухайд түрээслэх, түрээслээд өмчлөх тогтолцоог гаргаж байгаа юм. 972 айлын орон сууц эрэлт хэрэгцээ ямар байгааг харуулж байна. Түрээсийн орон сууцанд ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон хүүхэдтэй, амьжиргааны түвшин доогуур гээд маш олон иргэд санал ирүүлж байгаа. Тиймээс хамгийн боломжит хувилбараар нь сонгон шалгаруулж байгаа. Ямар нэг үзэмжийн асуудал байхгүй. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар санал хураалт явуулж, Санхүүгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэрэгжүүлэхийг дэмжлээ. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин