“Мартагдашгүй намар” кино нээлтээ хийнэ

img

Тариан түрүү шаргалтан, байгаль дэлхий өнгө өнгөөр солонгорсон үзэсгэлэнт намрын улирал. Алтан шаргал өнгөөр гэрэлтэх намрын улиралд анги хамт олонтойгоо, үеийн залуустай хамтдаа бужигнан Сангийн аж ахуйд ажиллаж, ажил амьдралын амтыг мэдэрч, анхны хайртайгаа энэ л тариан талбайд учирч, оюутан насны мартагдашгүй дурсамж дурдатгалыг сэтгэлдээ үлдээсэн маш олон хүн байдаг...  Одоогоос 30 жилийн өмнө УГЗ найруулагч Х. Дамдин “Мартагдашгүй намар” уран сайхны киногоороо залуу нас, хайр дурлал, ажил хөдөлмөрийн амт бүхнийг техникийн нүргэлсэн их дуу, залуусын инээд хөгжил цангинасан зах хязгааргүй тариан талбай, үтрэм дээрээс үзэгчдийн зүрхэнд хүргэснийг та бүхэн мэднэ. Тэгвэл өнөөдөр түүний бага охин, UBS телевизийн Ерөнхий найруулагч  Д.Отгонзаяа 30 жилийн дараа аавынхаа алхаж явсан тэр л тариан талбайгаас орчин цагийн “Мартагдашгүй намар”-ыг уран бүтээлч нөхдийн хамт өөрийн нүд, ухаанаар урлан үзэгчдэд хүргэж байна. 30 жилийн дараа ч намар цаг болдгоороо болж, тариан талбай ч яг л тэр өдрүүдийнх шиг халиуран шаргалтаж, намрын ажил буцалж байна. Ажил амьдралын амт, хайр дурлал энэ цаг үед ч хүмүний зүрх сэтгэлийг догдлуулсаар л байх  юм... Орчин цагийн “ Мартагдашгүй намар” энэ бүхнийг харуулахыг зорьжээ. Сэтгэлд хоногшин үлдсэн “Мартагдашгүй намар” уран сайхны киноны гол дүр Сарнай, Туул, Ганзориг, Баярсайхан нар 30 жилийн дараа ч мөн тэр л нэрээрээ үзэгчидтэй дахин золгож, “Анхны хайр” дуу мөн 30 жилийн дараа үзэгчдэд дахин хүрч байгаа нь энэхүү киноны бас нэгэн онцлог. “Мартагдашгүй намар” УСК нь UBS телевизээс бүтээсэн 3 дахь уран сайхны кино бөгөөд “Зүрхэнд гэрэлтэх од”, “Мамма Миа” кинонуудыг мюзикл хэлбэрээр хийж байсан уран бүтээлийн баг энэ удаад драм талдаа бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээхээр ажиллаж, өнөөдөр ийнхүү үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна.  “Мартагдашгүй намар” киноны Харин киноны гол дүрд УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, Universeest Songs наадмын 2011 оны оролцогч Э.Урангоо, Л.Цокто, Ч.Очгэрэл нар тоглосон байна. Киноны Ерөнхий найруулагчаар Д.Отгонзаяа, найруулагчаар Б.Жаргалсайхан, зохиогчоор Ө.Гэрэлтцэцэг, Ё.Мөнхтуяа, С.Сумъяа, ерөнхий зураглаачаар СТА Д.Цэрэнчимэд, зураачаар Т.Нямсүрэн, эвлүүлэгчээр Д.Төгсбаяр, график дизайнераар Ц.Энхзаяа, Зургийн дарга Б.Туул, Д.Нарантуяа, Кино төслийн удирдагчаар UBS телевизийн Ерөнхий захирал, МУСГЗ  Л.Балхжав, UBS телевизийн Уран бүтээл эрхэлсэн Дэд захирал Ж.Баяр нар ажиллажээ. Уг кино энэ сарын 21 нд нээлтээ хийх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zocnin:
ene cnin nogoo mongol Cahby yu eswel martagdashgyi namriin bayarsaihan yy .f
2012-03-09
саруул:
би үзсэн гоё кино байлээ
2012-02-07