А.Сүхбат: Туул голын ёроол цемент шиг болоод байна

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслөөр Усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулж, Усны үндэсний хороог усны аюулгүй байдлыг хангасан мэдээлэл солилцох байгууллага бүхий Усны үндэсний зөвлөл байгуулахаар болсныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв. УИХ-ын гишүүн А.Сүхбат:
-Монгол Улсад усны бодлого алдагдсан. Ямар ч байсан усны газар, агентлагтай болох гэж байгааг дэмжиж байна. Монголчууд бид усыг дуусахгүй, барагдахгүй юм шиг тооцож хэрэглэдэг. Монгол Улсын хэмжээнд ямар хэмжээний усыг ашигладаг талаар мэдэх хүн байхгүй. Монгол Улсын хэмжээнд хэдэн гар худаг байдгийг мэдэх хүн бараг байхгүй. Тиймээс усны газар байгуулах хэрэгтэй. Дараагийн усны мэргэжилтэн залуучуудыг бэлтгэх хэрэгтэй. Бид Туул голоо дэндүүлсэн. Туул голоос ус уусан мал үхэж байгаа. Туул голын ёроол цемент шиг л болсон. Бид бүхэн дэлхийд болон олон улсад хариуцлага хүлээж байгаа. Яах вэ?
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:
-Өнгөрсөн хавар Монголд усны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын удирдлагуудтай уулзсан. Ингэснээр усны чиглэлээр гурван оюутанд тэтгэлэг өгсөн. Унгар улсад мэргэжилтэн бэлтгэж, техник, технологийг ашиглах чиглэлд явж байна. Төсөв, мөнгө хүнд гэж хэлээд гал унтраагаад яваад байгаа. Дорвитой судалгаа хийж чаддаггүй. Буйр нуурт 260 сая төгрөг шийдэж чадахгүй есөн жил хойшлуулсан байсныг энэ жил шийдсэн. Хөвсгөл нуурын бохирдлын судалгааг хийж чадахгүй байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-2012 онд бие даасан агентлагийг татан буулгаж, статусыг нь бууруулснаар олон сөрөг үр дагавар гарч байна. Тиймээс агентлагийг нь сэргээхийг зөв гэж үзэж байна. Гол мөрний сав дагуух газраа хамгаалах хэрэгтэй.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:
-Сав газрын агентлаг байгуулагдаад өөрчлөлт гарсан. Төлөвлөгөө батлагдсан байгаа. Усны бодлогын тухай усыг нөөц, баялаг гэж үзэж байгаа. Судалгааг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Гадаргын усыг ашиглахад бидэнд мөнгө л хэрэгтэй. Одоогийн байдлаар бидэнд боломжтой 9 голын 29 байршил дээр 41.9 тэрбум шоо метр эзлэхүүнтэй цөөрөм байгуулах урьдчилсан тооцоо гаргасан. Сая төсөв өргөн баригдахад 20 тэрбум төгрөгөөр ТЭЗҮ-ийг эхлүүлэхээр болсон.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараагаар санал хураалт явуулав. Санал хураалтаар гишүүдийн олонх нь Усны тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжив.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ