Х.Булгантуяа: Надад хүсэл эрмэлзэл, боловсрол, туршлага ч байгаа

МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны их хурал болж байна. НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр МАН-аас УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн нэрийг дүрмийн дагуу нэр дэвшүүлсэн. Харин заалнаас Сангийн дэд сайд Х.Булгантуяа нэр дэвшээд байгаа. Эдүгээ НАМЭХ-ны Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт үргэлжилж байгаа юм. Нэр дэвшигч Х.Булгантуяа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-НАМЭХ-ны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байна. Өөртөө хэр итгэлтэй байна вэ?
-Мэдээж, өрсөлдөөнд орж байгаа тул өөртөө итгэлтэй байна. МАН өнөөдөр эрх барьж байгаа том хүчин. Энэ хурлаас МАН ардчилалтай байна уу, залуу үеэ дэмжиж байна уу гэдэг нь харагдана гэж нэрээ дэвшүүлсэн. Би намын сонгуульт ажлыг 10 гаруй жил хийсэн. Энэ том хамт олон ихийг бүтээж чадна. МАН-ын дэргэдэх НАМЭХ-нд залуусын орон зай байна уу, үгүй юу гэдгийг харуулна. Намын залуусаа дэмжиж, намын бодлого гэж хайрцаглагдах уу, өөрийн үзэл бодлоороо сонголтоо хийх үү гэдгийг харж байна.
-Өрсөлдөгчөө хэр дүгнэж байна вэ?
-Засгийн газрын гишүүн нэг эмэгтэй байгаа. Бид зургаан сарын дараа УИХ-ын сонгуульд оролцоно. Хүн ярихаасаа илүү нийгэмд бодлого хүсч байгаа. Би Сангийн дэд сайдыг 3 жил хийлээ, олон улсын байгууллагад, хувийн байгууллагад ажиллаж байлаа. Намын бодлогын ажил хийж байлаа. Би бодлогоор нэрээ дэвшүүлсэн. Мэдээж, өөрийнхөө ээж шиг настай хүнтэй туршлагаараа өрсөлдөх хэцүү. Гэхдээ надад хүсэл эрмэлзэл, мэдлэг, боловсрол, туршлага ч гэсэн дутахааргүй байна гэж өөрийгөө үнэлж, мөрийн хөтөлбөрөө чуулганы төлөөлөгчдөд тавьж, өрсөлдөж байна.
-Хуралдаанаас харахад ардчилал хэр байна вэ?
-Өмнө нь 5-6 хүн орж ирдэг байсан. Энэ удаад ганцхан нэр оруулж ирлээ. Тиймээс ардчилал бараг байхгүй байна уу даа гэж харж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ