Амьтны амиар дүйсэн хүний ЧАМИРХАЛ

img

 

Америкийн Macy's Inc компани 2020 оны санхүүгийн жилийн эцэс гэхэд ангийн үсээр хийсэн бүтээгдэхүүн худалдахаас татгалзахаар болжээ.

 
Энэ шийдвэр нь Macy's болон  Bloomingdale's брэндийн дэлгүүрүүдээс гадна компанийн сүлжээнүүдэд ч хамааралтай юм байна. Үүний зэрэгцээ ангийн үсний агуулах, салонуудыг ч бүгдийг хаахаар болжээ. 


“Сүүлийн хоёр жилийн хугацаанд бид хэрэглэгчид болон брэндүүдийн чиг хандлагыг анхааралтай ажиглан, үйлчлүүлэгчдийнхээ санаа бодлыг сонсон, ангийн үсийг өөр байдлаар олах боломжийг судалсан” хэмээн тус компанийн захирал Жефф Женетт өгүүлээд компанийн төлөөлөгчид АНУ-ын Амьтан хамгаалах нийгэмлэг болон бусад төрийн бус байгууллагуудтай удаа дараа уулзсан гэдгийг онцолжээ. 


Улмаар ийнхүү ангийн үснээс татгалзах шийдвэр гаргаж, харин хэрэглэгчдэд ангийн үсийг орлуулахуйц материалаар хийсэн загварлаг бараануудыг хүргэсээр байх болно гэж мэдэгдсэн байна. 


Дэлхий дахин ангийн үснээс татгалзсаар байна 


Өнөөгийн ертөнцөд амьтдыг хайрлан хамгаалж авч үлдэх хөдөлгөөн дэлхий даяар өрнөсөөр байгаа бөгөөд үүний ачаар ангийн үсийг хувцас хэрэглэлд ашиглах, үслэг эдлэл үйлдвэрлэх зорилгоор амьтдыг үржүүлэх ажиллагааг дэлхийн олон оронд ээлж дараалан хорьсоор байна. 


Энэ сард гэхэд л Словак улс, АНУ-ын Калифорни муж ангийн үс үйлдвэрлэл, худалдааг хорьсон юм.


Тодруулбал, Калифорни муж үслэг эдлэлийг хориглосон анхны муж болсон бөгөөд 2023 оноос эхлэн энэ мужийн оршин суугчид амьтны үс, арьсаар хийсэн хувцас, гутал, цүнх худалдах, үйлдвэрлэх боломжгүй болж байгаа аж. Энэ мужийн амьтны эрхийг хамгаалагчид үслэг эдлэл үйлдвэрлэхийн тулд амьтдыг хөнөөхөө зогсоохыг шаардсан тэмцлийн дүнд ийнхүү хориг тогтоожээ. Гэхдээ буга, үхэр, ямаа, хонины арьс энэ хоригт хамаарахгүй юм байна. 


Хориглосон хуулийг зөрчвөл 500 доллар, давтан зөрчил гаргавал 1000 доллараар торгохоор хуульчилжээ. 
Үүний араас , Словак улс амьтны үс үйлдвэрлэлд хориг тавьсан Европын 15 дахь улс болсон байна. Холбогдох хууль 2021 онд хүчин төгөлдөр болох бөгөөд 2025 он хүртэл амьтны үс үйлдвэрлэлээс шат дараатайгаар татгалзах аж. 


Амьтдыг “гоёл”-д ашиглахыг хориглосон орнууд 


Амьтдын арьс үсийг ашиглах зорилгоор үржүүлэхийг хориглосон анхдагч орнууд нь Их Британи /2000/ болон Австри /2004 он/ байв. 


Үүний араас, 2012 оны 12 дугаар сард, Европын холбоон дахь булганы үс үйлдвэрлэлээрээ хоёрдугаарт ордог Нидерланд улс амьтны үс, арьсыг ашиглах зорилгоор амьтан үржүүлэхийг хориглосон бөгөөд 2024 он хүртэлх хугацаанд булганы үс үйлдвэрийг бүрэн зогсоохоор болжээ. Нидерланд улс үслэг эдлэлээрээ алдартай, эдийн засгийн хувьд энэ салбар ихээхэн ашиг авчирдаг хэдий ч ёсзүйн үүднээс дээрх шийдвэрийг гаргасан байна. 1990-ээд оны дундуур Нидерландад үнэг болон шиншилла үржүүлэхийг хориглосон бол 2009 онд булга үржүүлгийг хориглох талаар хэлэлцэж эхлэжээ. 


Хорватад 2007 оноос эхлэн арьс, үс ашиглах зорилгоор амьтан үржүүлэхийг хориглосон бол Словени улс 2013 онд энэ төрлийн шийдвэр гаргаж байв. 


Амьтны үс үйлдвэрлэлийг хориглосон бусад орнуудын тоонд Босни ба Герцеговин, Серби, Македони, Чех, Дани зэрэг улсууд багтдаг. 


Герман улс ч мөн энэ хоригийг амьдралд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ улсад үлдсэн зургаан үйлдвэрийг хаах шийдвэрийг 2017 онд Загсийн газар нь гаргаж байв. Шинэ хуулиар булга үржүүлж, арилжааны зорилгоор ашиглахыг хориглосон бөгөөд таван жилийн дараа гэхэд амьтны үс үйлдвэрлэдэг газрууд бүгд хаагдах аж. 


Норвеги улсын Засгийн газар 2018 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр батласан хөтөлбөрт 2025 он гэхэд амьтны үс үйлдвэрлэдэг, нэг сая гаруй булга, үнэг үржүүлдэг 300 фермийг хаах шийдвэр гаргажээ. 


Хүнийг дулаацуулах хувцас бүтээх гэж амьтдыг хэрхэн хөнөөдөг вэ? 

 

Булган шубаны жинхэнэ үнэ цэнийг харуулсан, бяцхан амьтдыг аймшигтайгаар хөнөөж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр ихээхэн тархсан байдаг. Ер нь нэг шуба хичнээн амьтны амины үнэтэй вэ? 


Нээлттэй эх сурвалжуудаас авсан мэдээллүүдээс харахад нэг шуба хийхэд 100-500 хэрэм, 100-200 шиншилла, 40-90 булга, 5 чоно гээд асар их амьтны амь бүсгүйчүүдийн гоёлын төлөө золигддог байх нь. 


Хөнөөсөн амьтны тоо ч нэг их чухал биш байлаа гэж бодоход тэднийг хөнөөх арга нь бас л аймшигтай. Үнэтэй арьснуудын нэг болох каракулыг дөнгөж төрсөн хурганаас авдаг бөгөөд хээлтэй  эм хонины гэдсийг ярж, хээлийг нь гарган авах ч түгээмэл арга гэнэ. 


Тансаг үслэг эдлэл хийхийн тулд амьтдыг хөнөөх арга маш олон. Тэднийг цахилгаан гүйдлээр цохиулж, хүзүүг нь хугалж, тархийг нь хагалж, эсвэл саваагаар зодож хөнөөдөг гэж АНУ-ын амьтны эрхийг хамгаалах нийгэмлэгээс гаргасан мэдээлэлд онцолжээ. Тухайлбал, үнэгийг хөнөөхийн тулд цахилгаан гүйдлээр цохиулж, бүх биеэр нь гүйдэл дамжуулж хөнөөдөг бол зүрхийг нь зогсоодог тариа хийх нь ч элбэг гэнэ. Амьтан үхэхээсээ өмнө 20 минут тарчилдаг аж. 

 

Г.Бямбасүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Одоо тм үе өөрчлөгдөж бна орлуулж болох юм гараад ирсэн бна
2023-10-13
Us:
MGL Oros 2 oor us noos omsdog uls guren bvhgui bolood udaj bna shdee.
2019-10-24
Bolioo:
Odoo yamr ch huiten chiigtei nohtsold ajrahgui materialuud heden 100 aaraa zah zeel deer bgaa. Himalaya n uuland avrilt hiih gej bgaa humuus nul usen dah omsdoggui biz dee.
2019-10-24
Шаардлагагүй газар бол амьтны арьс/үсээр хийсэн эдлэл чамирхал болох байх. харин шаардлагатай газар бол амьдралын нэг хэв маяг, хэрэгцээ шаардлага шүү. Тэсгим хүйтэнд хөвөн даавуу аврахгүй үе зөндөө
2019-10-24
Зочин:
Одоо тм үе өөрчлөгдөж бна орлуулж болох юм гараад ирсэн бна
Bolioo:
Odoo yamr ch huiten chiigtei nohtsold ajrahgui materialuud heden 100 aaraa zah zeel deer bgaa. Himalaya n uuland avrilt hiih gej bgaa humuus nul usen dah omsdoggui biz dee.
yes:
bravo
2019-10-24
зочин:
Манай эмэгтэйчүүд булга бөөн бөөнөөрөө өмс ч бие биенээсээ ирүү гарах гэж байгаа юм шиг хөгшин залуугүй өмсөцгөөж чамирхдаг биздээ,
2019-10-24