БНАСАУ: Ким Жон Ун, Дональд Трамп нарын хоорондын харилцан итгэлцэл хэвээр

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар нэгэндээ итгэсэн хэвээр, найрсаг харилцаа бат бэх байгаа хэмээн БНАСАУ-ын ГХЯ-ны зөвлөх Ким Ге Гван мэдэгдснийг Хойд Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг дамжууллаа.
"Манай улсын Төрийн зөвлөлийн дарга болон Ерөнхийлөгч Трамп нарын хооронд нэгэндээ итгэх итгэл , найрсаг харилцаа урьдын адил хэвээр хадгалагдаж байгаа гэдгийг батлан өгүүлж байна" хэмээн ГХЯ-ын төлөөлөгч мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, БНАСАУ-ын тэргүүнтэй уулзах үеэр Ким Жон Ун АНУ-д хандах хандлагын талаар ярьсны дээр Трамптай онцгой харилцаатай байгаа гэдгийг онцолсон гэнэ.
Ким Ге Гван хоёр орны хооронд бат бэх харилцаа тогтооно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсний дээр Вашингтоны эрх барих хүрээлэл дунд хүйтэн дайны талаарх бодолтой хүмүүс өнөө хэр нь байгаа хэмээн шүүмжилсэн байна.
Эргэн сануулахад, Дональд Трамп энэ оны сүүл гэхэд Ким Жон Унтай уулзах эрмэлзэлтэй байгаагаа мэдэгдэж байлаа. Үүнээс өмнө талууд хоёр Солонгосын хил дээр уулзалдан, хэлэлцээрийн үеэр Трамп Ким Жон Уныг Цагаан ордонд айлчлахыг урьж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ