Бангкок: АСЕАН-ы өмнө аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авч байна

Ирэх сарын 2-4-ний өдрүүдэд Тайландын нийслэлийн ойролцоо болох АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлыг хангах үүднээс 17 мянган цэргийн албан хаагч, цагдаа ажиллана хэмээн зохион байгуулагчид мэдээлснийг ТАСС дамжууллаа.
Эх сурвалжийн мэдээлснээр томоохон зочид буудлууд, худалдааны төвүүд, хотын гол дурсгалт газрууд, нийслэлийн нисэх буудал гэсэн хөдөлгөөн ихтэй газруудад өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна. Мөн нийслэл рүү орох бүхий л замууд дээр харуулын цэг байгуулсны дээр Тайланд руу ирж буй гадаадын иргэдийг бүгдийг нарийвчлан шалгах аж.
"Тайланд энэ чухал арга хэмжээг зохион байгуулахад бүрэн бэлтгэсэн" гэж тус улсын Ерөнхий сайд Правит Вонгсуван сэтгүүлчдэд мэдээлжээ. Түүний өгүүлснээр "Тайландын тусгай албад дээд хэмжээний уулзалт зохиолн байгуулах үеэр алан хядах ажиллагаа үйлдэж болзошгүй талаарх мэдээлэл аваагүй " гэнэ.
Гэхдээ Тайландын эрх баригчид тус улсын Ерөнхий сайд асан Таксин Чинаватын дэмжигчдийн зүгээс гол аюул учруулж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Учир нь, 10 жилийн өмнө Паттайя хотод АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт болох үеэр улаан цамц өмссөн жагсагчид цагдаагийнхантай мөргөлдөж байжээ.
Чухамхүү энэ шалтгааны улмаас хотоос алслагдсан дүүрэгт энэ удаагийн форумыг зохион байгуулахаар болсон байна. Зохион байгуулагчдын өгүүлснээр, гол хурлууд болох газрыг цагдаа болон цэргийн албан хаагчид бүрэн бүслэж, хамгаалалтад авах аж.
Дашрамд дуулгахад, ирэх сарын хоёрны өдөр АСЕАН дээд хэмжээний уулзалтын нээлт болж, дээд түвшний уулзалтууд болох юм.
АСЕАН-д Бруней, Вьетнам, Индонез, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Сингапур, Таиланд, Филиппин багтдаг бол Орос, Австрали, Энэтхэг, Хятад, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, АНУ болон Япон улс хэлэлцээрийн түншийн статустай байдаг.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ