Аялаад 25 мянган еврогийн цалин авах сонирхолтой, ашигтай ажлын саналууд

Британийн фирм 25 мянган еврогийн цалинтай аялагчийн ажилд тохирох хүн хайж байгаа талаараа энэ долоо хоногт зарлажээ. Аялангаа цалин авна, мөрөөдлийн ажил л гэмээр. Байгальд цагаа өнгөрөөж, хүмүүстэй тэр бүр харьцахгүй байсан ч өндөр цалин авч болох нь. Британийн компанийн гаргасан энэ зарлал олон хүний сонирхлыг бас гайхшралыг төрүүлжээ. Гэхдээ энэ компани хачирхалтай санал тавьж байгаа цорын ганц газар биш.
Өндөр орлоготой аялагч
Дээр дурьдсан Британийн компанийг Wowcher гэх бөгөөд аялагчид 25 мянган евро буюу 72,3 сая төгрөгийн цалин амалжээ. Мөн зарлал дээрээ “мөрөөдлийн ажил” хэмээн онцолсон бөгөөд ажилд орох хүсэлт гаргаж байгаа хүн насанд хүрсэн, хүчин төгөлдөр гадаад паспорттой, олон нийтийн сүлжээнд идэвхитэй хөтөлдөг хуудсуудтай байхын дээр аялах дуртай байх ёстой гэнэ.
Энэ ажилд орсноор юу хийх вэ? Жилийн дотор Лас-Вегас, Нью-Йорк, Бали, Дубай, Венец, Исланд зэрэг жуулчны 40 чиглэлд аялж, очсон газар бүртээ зураг авахуулан, дүрс бичлэг хийн, дараа нь аяллын сэтгэгдлээ өөрийн блог болон влогтоо хуваалцах ёстой аж. Аялагчаар ажиллаж байгаа хүн өндөр цалин авахаас гадна аялалдаа нэг хүнийг хамт дагуулж явах эрхтэй гэнэ.
Ажилд шалгаруулж авахын тулд эхний ээлжинд өөрийгөө танилцуулсан болон энэ ажил өөрт нь яагаад тохирно гэж бодож байгаагаа илэрхийлсэн 30 секундын дүрс бичлэг бэлдэх ёстой юм байна. Ажилд орох хүсэлтийг 12 дугаар сарын 30 хүртэл авах аж. ЭНД дарж зарлалтай танилцаарай.
Дашрамд дуулгахад, энэ оны хоёрдугаар сард тансаг зэрэглэлийн эд зүйлсийн HushHush сайт дарвуулт завь, машин, хувийн арал дээр аялах зэрэг “тансаг бүтээгдэхүүн” туршиж үздэг хүнийг ажилд авна гэж зарлаж байсан бөгөөд сард 11 250 ам.долларын цалин амлаж байв.
Гурван хэлтэй, дипломат харилцаатай даамал
Энэ сарын эхээр Оросын нэгэн чинээлэг гэр бүл Британийн сайт дээр “Живс ба Вустер” олон ангит кинонд дуртай гэрийн даамал хайн зарлал нийтлүүлсэн байв. Мөн энэхүү даамал нь орос, англи% франц хэлтэй, Лондон болон Парисын тансаг зоогийн газруудын талаар мэдлэг сайтай, амттай хоолонд дурлагч, газарзүй, технологи, кино урлагийн салбарын мэдлэгтэй байх шаардлагатай гэнэ.
Мөн тамхи татдаггүй, сургууль, дэлгүүр, гоо сайхны салон гээд хаана ч ямар ч асуудлыг дипломатаар шийдвэрлэдэг байхыг шаарджээ. Ингээд ажил олгогчдын шаардлага дууссангүй. Гэрийн даамлаар ажиллах хүн хүүхдэд хайртай, нум, охин, бумба, хилэнц, арслангийн ордных байх ёстойн дээр гэр бүлийн нууцыг чандлан хадгалдаг байхыг чухалчилжээ.
Энэ бүх шаардлагыг ханган ажиллаж чадсан хүнд сарын 3,5-5,5 мянган еврогийн цалин амласан байна.
Амазоны ойгоос айхгүй байж чадах ажилтан
Перугийн судалгааны байгууллага “том шавжнууд, сониуч сармагчин болон хачирхалтай дуу чимээ дунд ” амьдрахад бэлэн, хөгжил, маркетингийн мэргэжилтэн хайж байгаагаа зарлажээ. Ажилтан маркетинг, дадлага, боловсролын экспедици, сайн дурын хөтөлбөрүүдийг дэмжих салбарт стратеги боловсруулахад туслахын дээр олон нийтийн сүлжээн дэх сурталчилгаа хариуцан, контент бүтээхэд оролцох юм байна.
2020 оны эхний таван сарын хугацаанд ажиллах бөгөөд хоол хүнсийг нь хангах зорилгоор сарын 500 ам.долларын цалин амлажээ.
Хулгана агнах муур
Саяхан Оросын Шинжлэх ухааны академийн археологи, угсаатны зүй судлалын хүрээлэнгийн судлаач-инженер нэгэн өвөрмөц ажлын зар нийтлэжээ. Энэ хүрээлэнгийнхэнд хулгана баригч хэрэг болсон гэнэ.
“Муурны үүлдэр хамаагүй. Мууртай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй, гэхдээ хооллон, хамгаалж, эзэнд нь бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгөхөө амлаж байна” хэмээжээ.
Гэрийн шаахай туршигч
Их Британийн гутал, гэрийн хувцас үйлдвэрлэдэг компани гэрийн шаахай туршигч ажилд авахаар хайж байгаа гэнэ. Тэд чөлөөт уран бүтээлчид, залуу ээжүүд, оюутнуудыг энэ ажлын байранд анхаарлаа хандуулахыг зөвлөсөн бөгөөд намар, өвлийн гэрийн шаахайн шинэ бүтээгдэхүүнүүдийг туршихыш санал болгожээ.
Туршигчийн ажилд орсон хүн хоногийн 12 цагт гэрийн шаахай өмсөх ёстой бөгөөд 12 сарын хугацаатайгаар ажиллах юм байна. Бүтэн жилийн хугацаанд гэрийн шаахай туршаад 40 мянган евро буюу ойролцоогоор 116 сая төгрөгийн цалин авах аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ