Г.Занданшатар: ҮХЦ-ийн дарга ёс зүйгүй авирласан бол хариуцлага тооцно

УИХ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав.
-ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр Солонгосын онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлж, баривлагдсан гэж Солонгосын хэвлэлд мэдээлжээ. Хариуцлага тооцох уу?
-ҮХЦ-ийн даргын талаар хэвлэл мэдээлэл, сошиал орчинд шуугиан гарч байна. ҮХЦ-ээс тодруулж асуусан. ҮХЦ-ийн дарга хэрвээ ёс зүйгүй авир гаргасан бол Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 5-3 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцно. ҮХЦ-ээс бидэнд өгсөн мэдээллээр “ҮХЦ-ийн дарга өөрөө ийм асуудалд ороогүй. Ард нь сууж явсан иргэн үйлчлэгчтэй зүй бусаар харьцсаны улмаас буруу ташаа мэдээлэл гарсан байна гэсэн.
-ҮХЦ мэдээж хамгаалсан мэдэгдэл хийнэ. Бусад эх сурвалжаас мэдээлэл авсан уу?
-Энэ талаар бүх талын мэдээллийг авахаар БНСУ-д суугаа ЭСЯ-тай холбогдон ажиллаж байгаа.
-ҮХЦ-ийн даргын үйлдэл Солонгосын хэвлэлүүдээр гарч, Монгол Улсын нэр хүнд уналаа. Төрийн албан хаагчдын хууль бус үйлдэл хэрээс хэтэрч байна?
-Үнэхээр зөрчил гаргасан бол Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулиар хариуцлага тооцно. Ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг боловсруулж байна.
-АМНАТ-ийн тухайд...?
-АМНАТ-ийн тухайд ҮХЦ-ийн шийдвэр гарсан. ҮХЦ-ийн шийдвэр гарвал холбогдох хууль тогтоомж, УИХ-ын шийдвэрт 15 хоногийн дотор нэмэлт өөрчлөлт оруулах талаар 15 хоногийн дотор шийднэ гэж хуулинд заасан байдаг. Төсвийн хуулиар 1.3 их наяд төгрөгөөр төсвийн орлого тасрах гэж байгаа учир хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ашигт малтмалын нөөц авах төлбөрийг талаар давхардуулан авахгүй байх тухай, журмуудыг Захиргааны актын дагуу бүртгүүлээгүй байгаа гэсэн. Хуулийн гарцыг олж ажиллаж байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхгүй байх зэрэг асуудал үүсэхгүй.
-ЕТГ-ын дарга энэ хуулийг хятад импортлогчдын ашиг сонирхлоор хууль баталсан гэж байсан?
-Хүн бүр хуулийг өөр өөрийнхөө тайлбарлах эрх нь нээлттэй. Гэхдээ хуулийг нэг л ухагдахуунаар ойлгоно. Ашигт малтмалын нөөц ашигласан л бол төлбөрөө төлнө.
-Саарал жагсаалт”-д орсон шалтгаан бодит байдал дээр эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой үүссэн. 34 их наяд төгрөг далд байсан нь Ил тодын хуулиар илэрч гарч ирсэн.
-“Саарал жагсаалт”-д орсон цөөнгүй шалтгаан бий. “Эдийн засгийн ил тод байдлын тухай” хуулиар 35 их наяд төгрөгийн нууц, далд хөрөнгийг ил болголоо гэж зарласан. Тэр нь “Монголд ийм их хэмжээний мөнгө далд байдаг болсон юм байна. Далд мөнгө нь хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, худалдаа, терроризм, мөнгө угаах гэмт үйлдлийг санхүүжүүлж байж болзошгүй” гэсэн сэрэмжлүүлгийг гадаад орчинд төрүүлсэн. Батлагдаагүй, нотлогдоогүй мэдээлэл олон улсад тархах тусмаа Монгол Улсын нэр хүндэд халтай байдгийн нэг жишээ энэ. Нөгөө талаар шүүх засаглалын үйл ажиллагаа, банк санхүүгийн салбарт засаж залруулах нэлээд зүйл бий.
800 иргэнтэй холбоотой асуудал “мөнгө угаах”-тай холбоотой гэж үзэж байгаа. Онлайн мөнгөн гүйлгээг олон улсын түвшинд хууль бусаар хийж байж болзошгүй эрсдэлийг таслан зогсоох асуудалд онцгой анхаарсан нь том түлхэц боллоо гэж харж байна. Манай тусгай албад эхнээс нь сайн ажиллалаа.
Хил, гаалиар 1000 компьютер, 10.000 гар утас орж ирж байхад яагаад илрүүлсэнгүй вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. “Аялал жуулчлалын” визээр орж ирчихээд ийм үйл ажиллагаа эрхэлснийг ч шалгах ёстой. Холбогдох арга хэмжээ авна.
-УИХ ЖДҮ-чдэдээ хариуцлага тооцох уу?
-ЖДҮ-ийг дэмжих төслийн хүрээнд 20 гаруй жил бугшсан идээ бээр өнгөрсөн жил ил болсон. Хариуцлага тооцох талаар Улсын Их Хурлын түвшинд хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. УИХ-аас Тендерийн тухай хууль болон Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн тухай хууль, Тусгай сангуудын тухай хууль зэргийг шинэчилж, өөрчилж байгаа нь энэ мэт замбараагүй байдалтай тэмцэж, хариуцлага сахилгыг нэмэгдүүлж буй нэг гол чиглэл юм.
-Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхантай хариуцлага тооцох тухай асуудлыг Та хөндөж тавьсан. Энэ асуудал ямар түвшинд байгаа вэ?
-Монгол Улсад 430 гаруй банк, санхүүгийн байгууллага, 2000 гаруй хадгаламж зээлийн хоршоод ажиллаж байна. Тэдний үйл ажиллагаанд тавих хараа хяналт сул байна гэсэн асуудал “Саарал жагсаалт”-д орох нэг шалтгаан байсан. Тиймээс хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа. Эдийн засгийн байнгын хороогоор Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Монголбанкны ерөнхийлөгчийн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэхийг чиглэл болгосон.
-Сэтгүүлчдийг тагнаж, чагнаж байгаа асуудалд хариуцлага тооцох уу?
-УИХ-ын Хуульзүйн байнгын хороо үүнийг ил болгож байна. Цаашид энэ чиглэлээр ажиллана.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ