ШУУД: У.Хүрэлсүх: Налайхын замын чанар удахгүй харагдана

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийн хүрээнд 20.9 км авто зам, 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүр, 5 байршилд явган хүний гүүрэн гарц, явган хүний зам, дугуйн зам баригдахаас 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүрийн ажлууд бүрэн дуусаад байна.

 

Нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд  У.Хүрэлсүх, БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарын албаныхан оролцов.

 

 

Уг замыг нээж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлж, замчдад талархал илэрхийллээ.

 

Тэрбээр “Үе үеийн  Засгийн газар бага зардлаар урт зам барихыг зорьдог байсан. Одоо бол бид автозамын чанарт анхаарч, ашиглалтын хугацааг уртасгах, олон улсын жишигт ойртсон хийц бүтэцтэй автозамыг барьж байгуулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Налайхын чиглэлийн энэ зам үнэхээр сайн тавигдсан. Ямар чанартай зам тавигдсан нь удахгүй харагдана.

 

Өнгөрсөн зун бороо их орсноос 29 өдөр алдсан. Зам барилгын ажил олон удаа зогссон. Гэхдээ Монгол, Хятадын ажилсаг, бүтээлч хамт олны хүчинд энэ зам товлосон хугацаандаа  ашиглалтад орж байна.

 

Өнөөдөр бид автозамын хөдөлгөөнийг нээж байгаа ч ирэх оны 04 дүгээр сараас замын хоёр талаар төмөр хашлага хийнэ. Явган болон дугуйн зам, суурьшлын хэсэгт явган хүний гүүрэн гарц хийнэ. Ингээд 2020 оны 07 дугаар сард энэ зам бүрэн ашиглалтад орно.

 

Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжил дэвшилд бас нэгэн том бүтээн байгуулалтын ажил хийгдлээ. Энэ замыг барьж байгуулсан бүх хамт олонд талархал илэрхийлье.

 

Алтан шаргал зам өлзийтэй сайхан байх болтугай" гэлээ.

 

Б.Энэрэл

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ