Sedaily: Монголын ҮХЦ-ийн дарга маргааш мэдүүлэг өгнө

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр Кореан Эйр компанийн нислэгээр зорчиж явахдаа онгоцны үйлчлэгчийн биед хүрч, "бэлгийн дарамт учруулсан" гэх хэргийн талаар Солонгосын хэвлэлүүд үргэлжлүүлэн мэдээлсээр байна.
Энэ удаад түүнийг үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлснээс гадна бусдыг айлган сүрдүүлсэн гэсэн үндэслэлээр нэмж шалгахаар болсныг Инчеоны цагдаагийн газрын эх сурвалжтайгаар sedaily.com мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Д.Одбаяр Кореан Эйр компанийн нисэх онгоцны багт ажиллаж байсан монгол бүсгүйчүүдийг “Монголд буцаж очихоороо зүгээр өнгөрөөхгүй” хэмээн айлган сүрдүүлснийг гэрчүүд баталсан гэнэ.
Түүний энэ үйлдэл нислэгийн аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэрэг тул нэмж шалгахаар болсон байна. Түүнчлэн цагдаагийн газарт саатуулагдах үеэрээ монгол орчуулагчаа айлгаж дарамталсан гэж эх сурвалж мэдээлжээ.
ҮХЦ-ийн даргыг арваннэгдүгээр сарын зургааны өдөр өглөө эрт шалгуулахаар Өмнөд Солонгост ирэх гэж байгааг Инчеоны цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ