Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үг ҮНЭД хүрэх үү

Иргэн Б.Болороо Сүхбаатарын талбайд 12 өдөр суулт зарлалаа. Ажлын байран дээрээ харамсалтайгаар амь насаа алдсан нөхрийнхөө нэр төрийг цэвэрлэх, цаашлаад үл хайхарсан бүхэнд хариуцлага тооцуулахын тулд тэр төв талбайд гарч суухаас өөр аргагүй болсон.
Хэрэг гарсан цагаас эхлэн иргэнээ хамгаалах үүрэгтэй цагдаа, ажилтныхаа эрхийг хангах ёстой “Хишиг Арвин Индустриал” ХХК-иас ирэх үл тоомсорлолтыг хангалттай амссан тэр Монгол Улсад төрсөндөө харамсаж байгаагаа илэрхийлж байв. Үнэний төлөө бүтэн 12 өдөр төв талбайд суусан түүнийг Ерөнхий сайд нь өнөөдөр л анзаарлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх талбайд өөрийн биеэр ирж, Б.Болороотой уулзлаа. Нөхрийнхөө амь, нэр төрийн төлөө явж байгаа түүний шаардлагыг хүлээн авч, хуулийн салбарынханд үүрэг даалгавар өгөхөө мэдэгдэв. Ерөнхий сайдыг иргэнээ анхаарсан гэж алга таших хүмүүс цөөнгүй биз.
Гэхдээ асуулт байна. Бүтэн 12 өдөр суулт зарлаж, төв талбайд даарч суусан Б.Болороог Ерөнхий сайд өнөөдөр л олж харсан хэрэг үү? Яагаад суулт зарласан эхний өдөр, эхний долоо хоногт түүнийг тоогоогүй юм бэ? Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэн болж төрсөндөө гомдож, харамсаж байгаагаа илэрхийлсэн телевизийн ярилцлагын дараа гарч ирэх нь нөгөө л улстөрчийн шоу юу?
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 105.7 мянган иргэн амьдарч байна. Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртээ анхаарал, халамж тавьж ажиллах ёстой гэсэн үгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгрессыг нээхдээ хэлсэн. Тэгвэл Ерөнхий сайдыг хэлсэн энэ үгэндээ хэрхэн хүрэхийг хөгжлийн бэрхшээлтэй мянга мянган иргэн одоо харах нь. Б.Болороо бол хөгжлийн бэрхшээлтэй 105.7 мянган иргэний нэг. Тэр ханийхаа амиар Ерөнхий сайдын хэлсэн хөгжлийн бэрхшээлтэй хүн бүртээ хүрч үйлчилнэ гэсэн үг хэр үнэ цэнэтэйг харуулах боллоо.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ