Хоёр жил сунжирсан "бандаашны хэрэг"-ийг эцэслэв


Одоогоос хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт холбогдсон дуулиан дэгдсэн билээ. Дуулианы эзэн нь Хэнтий аймгийн УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нэр дэвшиж сонгогдсон "хамгийн залуу гишүүн" хэмээх тодотголтой УИХ-ын гишүүн Д.Гантулга байв. Тухайн үед тэрбээр мэдээлэл хийхдээ "Би дотуур хувцасаа өмсөөд гарсан" хэмээж олны инээд, дургүйг хүргээд амжсан.
Хэрэг шалгагдаж байх хугацаанд буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр өөр нэгэн эмэгтэйг хүчирхийлэхийг завдсан гэх түүний эл үйлдлийг хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Ийнхүү Д.Гантулга давтан хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгагдсан бөгөөд өчигдөр /2019.11.13/ Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Гантулгад хоёр жилийн хорих ял оноожээ. Тодруулбал УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар буюу нийт хоёр жилийн хорих ял оноосон байна.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 11 сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд
Д.Гантулгыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүчиндэх“ гэмт хэргийг үйлдсэн,
- мөн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 4 сарын хугацааагаар хорих ялаар,
-мөн хуулийн ерөнхий 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацааагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Д.Гантулгад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 4 сарын хугацааагаар хорих ял дээр мөн хуулийн ерөнхий 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг нийт 02 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Гантулгад оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдсон бөгөөд уг хэргийг шалгуулж байх хугацаандаа буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ